08.29

Чингис хаан ба тагнуулын урлаг - 1


Дэлхийн хагасыг эзэгнэж байсан Их Монгол гүрний ашиг сонирхол, гадаад бодлого асар өргөн цар хүрээтэй байсан бөгөөд тэдгээрийг хамгаалж, хэрэгжүүлэх шаардлагаас улбаалан Чингис хаан, түүнийг залгамжлагчид тагнуулын үйл ажиллагааг мөн тийм өргөн цар хүрээтэй, нэн идэвхтэй, чадварлаг зохион байгуулж байжээ. Их Монголын хаад, жанжид тагнуулын арга ухааныг гарамгай эзэмшсэн, тагнуулын ажлын хосгүй мастерууд байсан аж. Тэд дэлхийн хагасыг эзэлж чадсаны нэг нууц нь бүхий л нөхцөл бололцоо, зам сувгийг гайхалтай соргогоор мэдрэн олж харж, уран нарийн арга ухаан хэрэглэн тагнуулын үйл ажиллагааг гайхалтай чадварлаг явуулж, дайн байлдаан эхлэхээсээ бүр өмнө эсрэг талаа алган дээрээ байгаа юм шиг судалж мэдсэн байдагт оршино. Цэргийн их зүтгэлтэн, их сэтгэгч Сүнз “Сод мэргэн хаан, сэцэн билигт жанжид дайлаар мордвоос дайснаа даруй мөхөөж, их гавьяа нь эгэл хүмүүнээс илт давуу байхуйн учир нь дайсны байдлыг өрсөн, далдаас тагнан мэдэхэд орших бөлгөө” хэмээн өгүүлсэн нь бий. Чингис хаан болон түүний жанжид, залгамжлагчид үнэхээр тийм хүмүүс байжээ. 

Пруссийн ван Их Фридрихийн “Дайнд заримдаа арслангийн зоригоор, заримдаа үнэгний залиар тулалдахад хүрдэг. Хүчээр дийлэхгүй бол аргаар ялах хэрэгтэй... Хүч хүчиндээ дийлдэхгүй байх нь байнга шахам байдаг тул хүчийг заль мэхээр дийлж болно” хэмээх онч мэргэн үг нь Чингис хаан, түүний жанжид, залгамжлагчдын цэрэг дайны туршлагаас хийсэн дүгнэлт байж болох. Оросын судлаач С.Воронцов “Монголчууд нууц үйл ажиллагааны урьд байсан арга хэлбэрийн агуулгыг Азийнхны заль мэх, итгэл алдуулах зэрэг явдлаар баяжуулж, тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа төлөвшин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулсан юм” гэсэн дээр нэмж хэлэхэд Чингис хаан, түүний залгамжлагчид, жанжид дэлхийн хагасыг байлдан дагуулахад Монгол тагнуулын уламжлалыг эзэлсэн улс, орнуудынхаа өвөрмөц нөхцөл байдалд зохицуулан ашиглаж, тэдгээрийн тагнуулын арга ухаанаар улам баяжуулж, тагнуулын урлагийг тэр үед болон урьд өмнө хаана ч байгаагүй шинэ өндөр дээд түвшинд гаргасан байна. 
АНУ-ын Тагнуулын төв газрын захирал асан, “супер тагнуулч” гэгддэг Аллен Даллес тагнуулчдад байвал зохих авьяас, чадварыг тоочихдоо юуны түрүүнд “хүмүүсийг таньж мэдэх чадвар...” хэмээсэн. Тэгвэл Чингис хаан хүнийг гайхалтай сайн танин мэдэж, зорилгодоо маш чадварлаг ашиглаж чаддаг байсныг олон жишээ баримт нотлодог. Алтан Улсын бичгийн яамны түшмэл Елюй Ахай, түүний дүү Елюй Доху гэх мэт гадаадын зарим орны төрийн цөөнгүй зүтгэлтэн, түшээг элсүүлэн ашиглаж байсан. Ах, дүү хоёр Елюй Чингист элсэгдэж, сэтгэл хоёрдолгүй зүтгэж ирсэн байна. Алтан Улсын дотоод байдлыг маш сайн мэдэж байсан тэд нар Чингис хаан Алтан Улсыг байлдан дагуулах төлөвлөгөө, шийдвэр боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ. Чингис хаан Алтан Улсыг дайлахад тэд хоёулаа, улмаар Дундад Азийг дайлахад Елюй Ахай тус тус оролцож, хааны зарлигаар Елюй Ахай Самарканд хотын захирагч болсон байна. Алтан Улсын нийслэлийг 1215 онд эзэлсний дараа тэдний гавьяа зүтгэлийг үнэлж, Елюй Ахайд Тайши цол олгож, төрийн гүнээр өргөмжилж, Елюй Дохуд Тайфу цол олгосон. Биднийхээр Елюй Ахай Чингис хааны тагнуулын асуудал эрхэлсэн түшмэл байсан байх өндөр магадлалтай юм. 
Монголчууд судлан олж элсүүлэн туршуулаар ажиллуулж байсан, нэр цуутай хүмүүсийн тоонд Дамаск дахь Египтийн цэргийн гол бичээч, нэрт түүхч аль-Макин б.аль Амид, Сирийн Айюбид дэглэмийн их сайд Аз-Зайн аль Хафизи нар зүй ёсоор орно. Тагнуулын түүхийн дээрхээс өмнөх аль ч үед гадаад улсын төрийн сайдыг элсүүлэн ашиглаж байсан тусгай албаны тухай үүнээс өөр мэдээ баримт одоохондоо байхгүй байна. “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг худалдаачин Хасан нь Чингис хааны туршуул байсан гэж үзэх үндэстэй бөгөөд Хасаны тухай эрдэмтэн Сайшаал Дорнотивоос иш татан тайлбарлахдаа: “... тэр... хожим нь Хорезмыг дайлахад чухал үйлдлийг үзүүлсэн гэж үзэцгээдэг билээ. Ингэж үзэх нь бүр ул үндэстэй байж болох юм...” гэжээ. И.П.Петрушевский Жувейнийгээс иш татан дурдахдаа: “...нутгийн худалдаачин Хасан-Хаджийг Сыгнак хотод явуулж, хүн ардыг нь бууж өгөх шаардлага тавиулсанд тэндээс хорт этгээд, харц ард, гуйлгачид тэрхүү урван тэрслэгчийг алж, дайсныг хүчтэй эсэргүүцэн тулав” гэсэн бол Бартольд: “Сыгнак хотод элчлэн очиж... алагдсан Хасан Хаджи гэх сартуул худалдаачин бол Нууц товчоонд гардаг Хасан мөн” гэжээ. Харин Жү Яотинийхээр Хасан нэр алдартай гавьяатан болсон бөгөөд Чингис хааны баруун газарт хийсэн аян дайнд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр баримт нь Чингис хаан сонгон олж, 20 шахам жил тагнуулын зорилгод ашиглаж байсан сартаул худалдаачин Хасан нь ямар хүн байсныг нотолж байна.