УИХ дахь АН-ын бүлэг өнгөрөгч баасан гарагт хуралдах байсан ч хойшлогджээ. Шалтгаан нь мөнөөх л дэд сайдууд болон сайд нарынхаа асуудлаар ойлголцолд хүрч чадаагүй явдал. АН-ын бүлгийн фракциуд гурван сайдын асуудлаар өнөө хэр тохиролцоонд хүрч чадаагүйбөгөөд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан гурван дэд сайдыг мөн л голж шилсэн сурагтай. АН аймгийн намын дарга нарыгаа урамшуулах зорилгоор намдаа оногдсон дэд сайд нарынхаа суудлыг гурван аймгийн намын даргад өгөх шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа гаргасан юм.
Тухайлбал, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг /Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд/, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш /Аж үйлдвэрийн яамны дэд сайд/, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт /Уул уурхайн дэд сайд/ нарыг дэд сайдаар суулгах шийдвэр гаргасан нь АН-ын амбийцтай залууст таалагдаагүй юм. Зарим нь бүр ил тод үүнийгээ илэрхийлсэн гэж хэлж болно. Тухайлбал, АН-ын Шинэчлэлийн хорооноос дэд сайдуудыг голж байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргав.
Тус мэдэгдэлд “Гүйцэтгэх зөвлөл нэр бүхий хүмүүсийг дэд сайдаар томилуулах шийдвэр гаргасан нь АН-ыг хүний нөөцийн чадамжгүй мэт харагдуулж, зөвхөн фракцийн эрх ашгийн тохироо, шантаажаар томилгоо хийдэг нам гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэх боллоо. Нөгөөтэйгүүр намын даргын зүгээс дэд сайдад санал болгосон хүмүүс нь орон нутаг болон УИХ-ын сонгуульд намаа удаа дараа ялагдуулсан, хагалж хуваасан, улс төрийн чухал хариуцлагатай албан тушаалд томилогдох бус харин ч хариуцлага хүлээлгэвэл зохих хүмүүс байна. Улс төрийн буруу томилгооны жишиг нь АН-ыг гутааж, гишүүд дэмжигчдийн итгэлийг алдагдуулж байгаад харамсаж байна” гэжээ.