09.02

МУБИС дэлхийн хэмжээнд өрсөлдөх багш бэлтгэнэ

Шинэ хичээлийн жилийн нээлт орон даяар боллоо. Эрдмийн цагаан өргөө, багшийгаа, ангийн олон нөхдөө санасан залуус, эрдэм номын мөр хөөхөөр хуран чууллаа өчигдөр. Тэдний нэг нь МУБИС-ийн оюутан залуус юм.

МУБИС 100 хувийн элсэлт авчээ

МУБИС-ийн хувьд энэ хичээлийн жил шинээр 2300 оюутан шинээр элсэн орж байна. Энэ нь 100 хувийн элсэлт авсан цөөхөн хэдхэн сургуулийн нэг болсон гэсэн үг. Бусад их, дээд сургуулийг бодвол тус сургууль нь энэ жил олон сайхан мэдээтэй оюутан, залуусаа угтаж байгаа аж. Тухайлбал, МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институтыг нээсэн. Урлаг биеийн тамирын сургуульдаа “Хөгжмийн багш”-ийн ангийг шинээр нээсэн зэрэг олон ажил амжуулсан байна. 

Тус сургуулийн захирал доктор Д.Мөнхжаргал “Манай сургууль багш боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлээд амжилттай ажиллаж байна. Энэ хичээлийн жилд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох өндөр оноотой хүүхдүүдэд олгох тэтгэлгээс гадна сургуулийн дотоодын тэтгэлэгт хүүхдүүдийг хамрууллаа. Тодруулбал, Математик, байгалийн ухаан, бага ангийн багшийн мэргэжлээр оноо нь 650 хүрээгүй ч гэлээ 600-аас дээш оноо авсан хүүхдүүдэд 50 хувийн тэтгэлэгт хамруулсан. 

Түүнчлэн оюутнуудынхаа суралцах, амьдрах тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн амжилттайгаар шинэ хичээ­лийн жилээ угтаж байна. МУБИС дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц багш бэлтгэхийн төлөө хөтөлбөрөө шинэчлэн ажиллаж байгаа. Тухайлбал, Англи хэлтэй, төрөлжүүлсэн сургалттай сургуулиудад багшлах чадварлаг багш нарыг бэлтгэх, өндөр оноотой хүүхдүүдийг үргэлжлүүлэн суралцах тусгай хөтөлбөрөөр хичээллүүлж магистр зэрэгтэйгээр төгсгөх гэсэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн гээд энэ хичээлийн жил маш онцлогтой жил болж байна” гэв.

Л.Гантөмөр: МУБИС хөтөлбөрөө хамгийн сайн шинэчилж чадсан

/БСШУ-ы сайд/
МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож эрдэмтэн профессор, багш, оюутан залууст хандан үг хэлэхийн зэрэгцээ өндөр оноотой хүүхдүүдэд тэтгэлэг гардууллаа. Тэрбээр “МУБИС бол хөтөлбөрөө хамгийн сайн шинэчилж чадсан сургууль гэдгийг хэлмээр байна. Гайхамшигтай хувьсал гаргасан. Энэ жилээс Боловсролын их сургууль хамгийн сайн хичээлийн араас явна. Манай эрдэмтэд хөтөлбөрөө шинэчилсэн.

Одоо хичээлээ шинэчилнэ. Яавал энэ эрдмийг сургах, хажуугаар нь яавал сайн багш бэлтгэх вэ гэх мэтээр шинэ хичээлүүдийг ар араас нь нээж, шинэ үеийн багш нарыг бэлтгэх үйл амжилттай үргэлжилнэ гэж итгэж байгаа. Дөнгөж өчигдөр бид Жүдогийн дэлхийн аваргыг үзсэн. Багаараа ороод аваргын хүрэл медаль авахыг харлаа. Тэгвэл одоо монголын боловсролыг дэлхийн дэвжээнээс хүрэл, мөнгө, алт авах тэр сайн үйлсэд хүчин зүтгэж байгаа багш нартаа гүн хүндэтгэл үзүүлж байна” гэв.

900 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдлаа

МУБИС-д энэ жил 50,70,100 хувийн тэтгэлэг олгосон байна. Тухайлбал, Г.Гэрэлзаяа, М.Ариунболор, Г.Цогтгэрэл, Т.Дэмбэрэл, Г.Хонгорзул нарын 900 гаруй оюутан өндөр оноо авч тэтгэлэгт хамрагдаж чаджээ. Сургуулийн дотоод тэтгэлэг гэдэг нь тус сургууль оюутныг дэмжих сангаас олгодог тэтгэлгийг хэлдэг байна. Оюутныг дэмжих санд МУБИС-ийн гадаадын хүндэт докторууд хандив өгдөг аж. 




Тухайлбал, Япон улсаас өгсөн хандивын мөнгөөр өнгөрсөн жил 20 оюутанд 50 хувийн тэтгэлэг олгожээ. Энэ жилээс сангийн ажил нь улам өргөжиж, эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх зорилгоор 550-аас дээш оноо авсан эрэгтэй хүүхдүүдийг 50 хувийн тэтгэлэгт хамруулсан байна. Түүнчлэн тус сургуулийн нэг онцлог нь суралцаж байх хугацаандаа амжилттай суралцаж, тодорхой шалгууруудыг хангасан хүүх­дүү­дэд МУБИС-ийн Захир­лын нэрэмжит тэтгэлэг, бусад хүндэтгэх шалтгааныг хар­гал­зан  тэтгэлэгт олгодог аж. Өнгөрсөн хичээ­лийн жилд гурван ихэр хүүхэд тө­рүүл­сэн оюутан болон амь­дра­лын боломж тааруу хэд хэдэн хүүхдүүдэд тэтгэлэг олгосон байна.

Бидэнд том боломж олгосон сургуульдаа баярлалаа

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сэтгэгдлийг хуваалцсанаа уншигч таньд хүргэе.

Т.Энэрэл: Би Архангай аймгийн Өлзийт сумын сургуулийг төгссөн. Миний ээж багш хүн. Тиймээс би ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. 

Химийн хичээлээр бүтэн жил шалгалтад бэлтгэсэн. Өөрийн зорилгодоо хүрч 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж чадсандаа баяртай байгаа. Бусад хүүхдүүддээ хандаж хэлэхэд хүн хичээвэл чаддаг, болдог юм байна гэдгийг хэлмээр байна.

Д.Өлзий-Орших:Хөвсгөл аймгийн Тариалан сумаас ир­сэн. Элсэлтийн ерөнхий шалгал­тад биеийн тамирын ур чадвараар 800, Монгол хэлний хичээл дээрээ 400 оноо аваад 70 хувийн тэтгэлэгт хамрагдсан. 

Одоо МУБИС-д Биеийн тамирын багшаар суралцахаар боллоо. Би бага байхаасаа спортоор хичээллэдэг байсан. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон. Бидэнд том боломж олгож, итгэл хүлээлгэсэн сургуульдаа баярлалаа.

Ө.Алтай: Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас ирсэн. Монгол хэлний хичээл дээр 706, ур чадвартаа 752 оноо аваад 70 хувийн тэтгэлэг авч чадлаа. Хөгжмийн багшийн ангид орлоо. 

Мэргэжлээ өөрийн хүсэл сонирхолын дагуу сонгосон гэж хэлж болно. Тэгээд ч би урлагт хайртай. Ер нь мэргэжлүүд дундаас хамгийн сайхан нь багш мэргэжил гэж боддог.



Х.Тамир: МУБИС-ийн үйл ажиллагаа үнэт зүйл дээр тулгуурлан хөгжиж байна

/МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга/

-Салбарын сайд танай сургуулийг хөтөлбөртөө гай­халтай хувьсал хийж чадсан хэмээн онцолж байсан. Хөтөлбөрийнхөө талаар товч тайлбарлаач?
-МУБИС өнгөрсөн жил хөтөлбөрийн шинэчлэлийг иж бүрэн хэрэгжүүлсэн. Шинэчлэлийн онцлог шинж гэвэл үнэт зүйлд суурилсан хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай бүтээлч багш бэлтгэхийг хэлж байгаа юм. Тухайн багш хүүхдүүдийг ялгаатай байдлыг ойлгодог, асуудалд нь хүндэтгэлтэй ханддаг, хүүхдүүдийг хайр­ладаг, тэднийг сонсох зэрэг үнэт зүйлийг эзэмшүүлнэ. Үнэт зүйл нь цаашаа хичээлийн агуулгыг тодорхойлох ёстой. Хүүхдүүдээ сэтгэл зүй, харилцааны талаас нь оношлоод ирэхээр хүүхэд болгоны ялгаатай байдалд нь тохирсон сургалтын арга технологийг боловсруулдаг болно. Тиймээс хөтөлбөрийн үнэт зүйл маань хичээлүүдийнхээ агуулгыг тодорхойлох байдлаар боловс­руулагдсанаараа онцлог бол­сон. 

Бид хөтөл­бөрийнхөө бүтцийг тодор­хойлохдоо үр дүнд суурилсан байдлаар боловс­руулсан. Өөрөөр хэлбэл, сургуулиа төгсөх хүүхэд ямар үр дүнд хүрсэн байх ёстойг тодорхойлж байгаа юм. Үр дүнг нь түрүүлээд гаргаад ирэхээр тухайн үр дүнд хүрэхийн тулд сургалтыг хэрхэн зохион байгуулах, хичээлийн агуулга ямар байх вэ гэдгийг тодорхойлно. Хөтөлбөрийн гурав дахь онцлог нь сургалтын зохион байгуулалт нь хичээлийн стандартад суурилсан байх. Тухайлбал, монголын түүх гэдэг хичээлийг судлаад ийм мэдлэг чадвар эзэмшсэн байна гэсэн стандарт тогтооно. Харин тухайн хичээлээс авсан мэдлэг нь төгсөөд гарах мэдлэг чадварт чиглэсэн байна гэсэн холбоостой байх юм. Тиймээс монголын түүх гэдэг хичээлийг 10 багш заахад арга нь 10 янз байж болно. Гэхдээ тухайн хичээлээр эзэмших стандартыг хангасан байх ёстой гэсэн үг. 

-Тэгвэл одоо хичээлүүд нь шинэчлэгдэх юм байна?
-Багш нар хичээлийн шинэчлэл хийнэ. Уг шинэч­лэлээр мэдлэг олгохоос гадна тухайн хүнийг нийгэмшүүлэх, хүн болгох, сайн багш болгох шинжүүдийг хичээл дээрээ зэрэгцүүлж явна. Сайн багш байх, хүүхдээ ойлгодог, хүндэтгэлтэй хандах, сайн найз нь байх, ярилцагч нь болох гээд олон шинжүүдийг хичээлтэй хамтад нь төлөвшүүлэх хэрэгтэй байгаа. Өмнө нь багш чи тийм юм мэдэх ёстой, мэдээгүй байна зөв, буруу гэсэн байдлаар ханддаг байлаа. Гэтэл тухайн хүний төлөвшлийн асуудал, заах арга, багшийн ажилдаа чин сэтгэлээсээ хандах, багшийн үнэт зүйл, үнэлэмж гэдэг асуудал хаягдаж байсныг хичээл рүү оруулж ирж байгаа юм.

-Бусад сургуулиуд үнэт зүйлд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа болов уу. Зөвхөн танай сургууль хэрэгжүүлж байна уу?
-Үнэт зүйлд суурилсан хөтөлбөр ганцхан манай сургуульд ганцхан хэрэгжиж байгаа. Уг нь эмч, хуульч, цагдаа гээд хүчний байгууллагуудад ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд үнэт зүйлд суурилсан хөтөлбөртэй байх ёстой. Эдгээр мэргэжил бүгд хүнтэй харьцдаг, хүнд үйлчилдэг, хүнийг хүн болгодог мэргэжил юм. 

Дашрамд дуулгахад, МУБИС–ийн үйл ажиллагаа үнэт зүйл дээр тулгуурлан хөгжиж байна. Манай сургуульд юу үнэтэй гэхээр оюутан, багш нар үнэтэй  гэдэг нь ойлгомжтой. Оюутан мөнгөө төлөөд үйлчилгээ авч байгаа учир бид тав тух, суралцах орчин нөхцөл зэргийг оюутанд ээлтэй байдлаар шийдэж өгч байна. Бидний өөр нэг үнэтэй зүйл болох сайн чадвартай багш нарыг сургуульдаа ажиллуулахын тулд тэдний ажиллах, суралцах, судлах нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийг зорьж байгаа. Тиймээс манай Сургуулийн оюутны холбоо, үйлдвэрчний эвлэл бидэнтэй хамтарч ажиллахад таатай болж байгаа юм. 

Өмнө нь үйлдвэрчний эвлэл багш нарыг ажиллах боломж олгохгүй байна, оюутны холбооноос бидний сурах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй байна гэдэг байсан бол одоо тийм асуудал бага гарна. Тиймээс манай сургууль сургалтын ч тэр бусад тал дээр ч үр дүнд суурилсан менежментийг хэ­рэг­жүүлдэг болсон гэж ойл­гож болно. Энэхүү хөтөл­бө­рийг хэрэгжүүлэхэд сур­гал­тын орчинд мэдээллийн тех­но­ло­гийн иж бүрэн шийдэл хийх шаардлага гарсан. Тиймээс бүх хичээлийн байрны интернэтийн орчинг иж бүрэн шинэчилсэн, дотоод хурдны 1 гбайт-ийн сүлжээ бий болсон. Түүнчлэн сургалтын удирдлага мэдээллийн системийг ши­нээр нэвтрүүлсэн. Удирд­лага мэдээллийн систем нь монголдоо шинэлэгт тоо­цог­дох чанарын батал­гаа­жуу­лал­тынхаа тогтол­цоотой хамт шийдэгдсэн систем юм. Энэ мэт олон ажлыг сүүлийн жил гаруй хугацаанд хэрэгжүүлээд эхнээсээ эерэг сайн үр дүн гарч эхэлж байгаа.

-Танай сургууль дээр хэрэгжиж байгаа хө­төлбөрийн шинэчлэл ЕБС-ийн шинэчлэлтэй уялдаж байгаа гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Манай сур­гуулийн хөтөлбөрийн шинэч­лэл бага, дунд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй шууд уялдаж, тэрийг заах шинэ үеийн багш нарыг бид бэлтгэж байгаараа онцлог юм. Бага боловсролын, суурь боловсролын цөм хөтөлбөрийг заахад чиглэгдсэн багшийг бэлтгэхийн тулд сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаа хэрэг. Бид салбар яамтайгаа нэлээн сайн уялдаатай ажиллаж байгаа учир яамнаас барьж байгаа боловсролын шинэчлэлийн ерөнхий чигтэй манай сургуулийн хөтөлбөр нягт уялдаж байгаа.