“Сургалтын их сургуулиас судалгааны их сургуулийн тогтолцоонд шилжих нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олны хамгийн том зорилго байсан. Бид санасандаа, зорьсондоо хүрч чадсан. Зорилгоо биелүүлсэн хамт олон маань өнөөдөр 2020 оноос хэрэгжүүлэх стратеги төлөвлөлтөө яриад сууж байна. Та үүнийг үзэж сонирх. Манай сургуулийн ирээдүйн план зураг. Цаасан дээрх зураг төслийг ажил хэрэг болгож хөрсөн дээр буулгах нь сургуулийн ерөнхий менежерийн хүлээх үүрэг мөнөөс мөн. Хөрөнгө оруулагчийг олж, хамтарч ажиллана гэдэгтээ итгэл төгс байгаа. Эзэн нь хичээвэл болдог юм билээ.
Тун удахгүй ашиглалтад хүлээлгэж өгөх гэж байгаа долоон давхар номын сангийн барилгын зураг төсөл 2013 оны намар үүний адил ширээн дээр минь байсан. Гэтэл өнөөдөр улсын комисст хүлээлгэж өгөх гээд л...” хийж бүтээснээ, нөр их ажлын ард гарч чадсан сургууль хамт олноо бахархан суугаа эрхэм бол Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар. Түүнийг энэ удаагийн “Чухал хүн” булангийнхаа хойморт урьж ярилцлаа.
-Дөнгөж сая 2015-2016 оны хичээлийн жилийн хонх цангинаж, хөөрч догдолсон оюутнууд хичээлийнхээ танхим руу дуу шуу болсоор орлоо. Сургуулийн тохижилтын байдлыг ажиглаж байхад бүх зүйл оюутан сурагчдын сурах орчны ая тухтай байдлыг хангахад чиглэгдэж гэх бодол төрж байна. Та надтай санал нэгдэх үү?
-Юун түрүүнд танд болон “Монголын мэдээ” сонины мянга мянган уншигчдад хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Хичээлийн шинэ жил монголчуудын хүсэн хүлээж байдаг баярын нэг. Манай сургуулийн хувьд бүтэн жил хийж бүтээснээ дүгнэж, цэгнэх өдөр. Бас сурагчийн ширээнээс их амьдралын замд хөл тавьж байгаа арван наймтуудаа угтаж авах их баярын өдөр гэж үздэг. Энэ утгаараа 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтэд үндсэндээ тавдугаар сараас бэлдэж, зуны гурван сарын турш ажилласныхаа үр дүнг өнөөдөр эхнээс нь үзэж байна. Сэтгэл үнэхээр хангалуун байна. Бидэнд хийсэн, төлөвлөсөн ажил их бий.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд сургуулийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар АШУҮИС-ийг 2015-2024 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэлэлцүүлж батлуулсан. Төлөвлөсөн ёсоороо явж чадвал 2024 он гэхэд Ази, номхон далайн баруун бүсийн шилдэг сургуулийн нэг болох юм. Үүний цаана манай сургуулийн шилдэг багш, судлаачид, оюутнууд, шилдэг, төгсөгчдийг олон улс хүлээн зөвшөөрч, хаана ч анкет бөглөхөд ажлын байр нээлттэй байх зорилго оршиж буй. Зорилгоо биелүүлэх эхний шатны ажил нь оюутны сурах орчныг дэлхийн стандартад нийцүүлэх явдал. Ерөнхий менежерийн хувьд үндэс сууриа боломжийн хэмжээнд тавьчихлаа гэж дүгнэж байгаа шүү. Нөгөөтэйгүүр, бид хийсэн ажилдаа сэтгэл ханаж болохгүй. АШУҮИС-ийг дотоодын их, дээд сургуультай аль ч талаас нь харьцуулахад манай нөхцөл сайн ч хөгжсөн орныхтой харьцуулахад тааруу үнэлгээ авах хэмжээнд байгаа нуугаад яахав.
Сургуулиа сургууль шиг байлгая гэвэл бидэнд зүгээр суух эрх байхгүй. Дотоодын болоод хувь, хувьсгалын хэдэн сургуультайгаа жиших ч хэрэггүй. ХХI зуунд хүний сурах орчин, тавигдах стандарт шаардлага их өөр болж. Тиймээс бид дэлхийтэй хөл зэрэгцэх ажлаа сургалтын орчныг сайжруулахаас эхлүүлж, төсөл хөтөлбөрийн хүрээнд сургалтын есөн лабораторийг өөрийн хөрөнгөөр байгууллаа. Тухайлбал, 165 сая төгрөгөөр Азид томоохонд тооцогдох шүдний эмч нарын сургалтын лабораториг онцлож болно.Өмнө нь сургалтын ийм бааз, орчин байхгүйгээс самбар дээр шохойгоор зурж үзүүлэхээс хэтэрдэггүй байсан бол эдүгээ 25 хүүхэд нэгэн зэрэг шүдний том, ажилбаруудыг хийх нөхцөл боломжтой болсон. Мөн 79 сая төгрөгийн өртөг бүхий эрүүл мэндийн лабораторийг байгуулж, оюутнууддаа хүлээлгэж өгсөн. Энэ лаборатори ашиглалтад орсноор агаарын бохирдлын хэмжээг хамгийн бодиттойгоор тогтоож чадна.
Түүнчлэн уул уурхай хөгжсөний сөрөг тал нь орчны эрүүл мэнд гэж үзэж буй. Үнэн хэрэгтээ уул уурхай хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд байгааг хэн тогтоосон юм бэ. Энэ бүхний хариултыг манай лаборатори бүрэн утгаар нь өгч чадахуйц хүчин чадалтай гэх мэтчилэн. Мөн манай хамт олны бусдыг манлайлж чадсан бас нэг амжилт бол Нийгмийн эрүүл мэндийн сургуулиа түшиглэн байгуулсан онлайн их сургууль. Тухайн оюутан англи, хятад, солонгост байх нь хамаагүй манай сургуульд элсэн суралцаж болно. Элсэлт дөнгөж эхэлж байгаа гэхэд Багануураас 19, Эрднэтээс 11, Говь-Алтайгаас 22 эмч бүртгүүлсэн бол Солонгосоос долоо, Хятадаас гурван эмч суралцах хүсэлтээ ирүүлсэн байх жишээний. Хичээлийн хөтөлбөр хэдийнэ бэлэн болсон. Бүх хичээл онлайнаар явагдана.
-Та сая оюутанд зориулсан таатай орчныг өөрийн хөрөнгөөр гэж онцолсон. Эдийн засаг хямарсан энэ үед асуудлыг хэрхэн зохицуулсан нь бусад ерөнхий менежерүүдэд сонин байх нь дамжиггүй?
-Хөрөнгө оруулалт сайн байгаад ч бүтээн байгуулалт нь үр нөлөөгүй бол хогийн сав руу цаас базаад шидсэнтэй ижил шүү дээ. Тиймээс бидний хийхээр төлөвлөсөн алхам бүр хамтын шийдвэр байдаг. Бас дотоод нөөц бололцоо. Лабораториуд гэхэд л залуу багш нарынхаа санал санаачлага, хүч чадлыг нь 100 хувь ашиглаж чадсаны үр дүнд байгуулсан.
-Дээд боловсролын шинэчлэлийг нийгэм шууд хүлээж авч чадахгүй байгааг та юу гэж харж байна?
-Дээд боловсролын шинэчлэлийг иргэд сайн ойлгохгүй байгаа нь үнэн. Сурталчилгааг бүрэн утгаар нь хийж чадахгүй байж мэднэ. Миний бодлоор тухайн их, дээд сургууль юун түрүүнд боловсролын тогтолцооны чухам юуг нь шинэчлээд байгаагаа нийгэмд ойлгуулах, таниулах хэрэгтэй байгаа юм. Ингэж чадаагүйн уршгийг бид өнөөдөр амссаар байгаа. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 20 гаруй жил болжээ.
Бидний амьдралын хэв маяг түүнийг даган өөрчлөгдөж, зах зээлийн хуульд захирагдах болсон. Харамсалтай нь зах зээлээс ангид оршин хуучин хэв маягаараа үлдсэн ганц салбар бол боловсрол. Систем нь ч орос. Ядаж байхад улс төр нөлөөлж, 20 жилийн турш дээд боловсролын үнийг барьж ирсэн. Гэтэл дээд боловсрол гэдэг чинь тухайн нийгмийн хамгийн үнэт зүйл нь байхгүй юу. Өөрийнхөө сургуулиар жишээ авахад, эмч мэргэжлийг эзэмшихийн тулд хамгийн өндөр төлбөрийг төлдөг. Анагаах ухааны сургуулиуд жилд 30-35 кредит цагийн хичээл үздэг.
Солонгос улсад кредитийн үнэ 85 ам.доллар бол АНУ, Англид 500 ам.доллар байх жишээний. Харин манайд 28 ам.доллар. Гэтэл бидний, манай сургуулийн зорилго бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц эмч мэргэжилтэнг бэлтгэх явдал. Ийм үнээр дэлхийн хэмжээний боловсролыг олгож чадахгүй шүү дээ. Дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх учиртай. Аль тэртээ социалист нийгмийн үед суурилуулсан лаборатори дээр шүдийг ингэж эмчилнэ гэж ярьчихаад дэлхийг мөрөөдөж болохгүй биз дээ. Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын боловсролын тогтолцоо, сургалтын бааз 2012 он хүртэл ийм хэмжээнд байсан. Одоо бол бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Их, дээд сургуулиуд сургалтын бус судалгааны чиглэлийг үйл ажиллагааныхаа цөмийг болгож буй. Боловсролын яам маш зоригтойгоор шинэчлэлийг эхлүүлсэн. Үр дүн нь эхнээсээ харагдаж эхэллээ шүү дээ. Сүүлийн хэдэн жилд боловсролын салбар улс төрийн нөлөөллөөс ангид байж чадлаа. Дээр нь хэрэгтэй, хэрэггүй хөтөлбөрүүдийг цэгцэлсэн. Энэ бол маш том амжилт.
-Дээд боловсролын тухай хуульд их, дээд сургуулиуд бизнесийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Ашиг хөөцөлдөж болохгүй гэж заасан байдаг. Ийм нөхцөл нь өөрөө хуулийн цоорхойг төрүүлэх нөхцөл болдог байж мэднэ. АШУҮИС-ийн тухайд хувийн хэвшлийнхнээс өөр, улсын гэх тодотголтой?
-Төр зөвхөн дулаан цахилгаан, хэрэглээний усны төлбөрийг даадаг юм. Энэ нь сургуулийн нийт зардлын 5-6 хувийг эзэлдэг гэхээр үлдсэн бүх зардлаа сургууль өөрөө олох ёстой.
-Уучлаарай, их, дээд сургуульд ажиллаж байгаа багш нарын цалинг төр даадаггүй юм уу?
-Үгүй. Багш нарын цалин болоод үйл ажиллагааны бусад зардлаа оюутны сургалтын төлбөрөөс олж авдаг. Ийм нөхцөл удаан үргэлжлэх аваас тухайн сургуулийн үйл ажиллагаа явцгүй болох нь ойлгомжтой. Энэ байдлыг халахын төлөө их, дээд сургуулиуд дор бүрнээ нэгийг сэдэж, хоёрыг боддог болсон. Манай сургуулийн тухайд дээр дурьдсанчлан сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох маш том зорилт дэвшүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг зоригтойгоор хийж буйн мөн чанар нь эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох явдал юм. Бас төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан түүнийгээ ажил хэрэг болгох асуудал багтана.
-Та дээр кредит цагийн талаар дурьдаад өнгөрсөн. Үнэндээ бүх их, дээд сургуулиудаас хамгийн олон кредит цагтай нь танай сургууль. Амьдрал дээр сурч барагддаггүй сургууль ч гэгддэг. Эмч болох хүнд хэрэгтэй хэрэггүй хичээлд цагаа зарцуулах нь хайран бус уу. Танай сургуулийн шинэчлэлтэд энэ багтсан уу?
-Миний хувьд 2013 оны наймдугаар сард сургуулийн захирлаар томилогдсон. Өмнө нь бүрэлдэхүүн сургууль болох Био анагаахын сургуулийн захирлаар ажиллаж байв. Хэдийгээр салбар сургуулийн захирлаар долоон жил ажилласан ч гэлээ тэр бүр нарийн ширийнийг нь мэддэггүй байж. Ажлаа хүлээж аваад сургалтынхаа хөтөлбөрийг сонирхсон чинь манай сургуульд элсэн орсон хүүхэд эмч болохын тулд 243 кредит цагийн хичээл үздэг байсан. Энэ нь жилд 40 гаруй кредит цагийн хичээл үзэх ёстой гэсэн үг. Боловсролын тухай хуульд 120 кредит үзээд шууд баклавр болно гэж заачихсан байдаг. Гэтэл манай оюутан хоёр дахин хичээл үзэж байж баклавр болох жишээний. Тиймээс дэлхийн улс орнуудын сургалтын нөхцөл байдлыг судалж 203 кредит болгосон. Энэ нь таны сонирхсончлон хэрэгтэй хэрэггүй хичээлүүдийг хассан гэсэн үг.
-Улсын гэх тодотголтой их, дээд сургуульд элсэх хүсэлтэй хүний тоо жилээс жилд нэмэгдэж тэр хэрээр хувийн хэвшлээс улсынх руу шилжих сонирхол давамгайлах нь бий. Та эл асуултад хэрхэн ханддаг вэ?
-Манай сургууль өнгөрсөн хичээлийн жилээс хувийн сургуулиас оюутан шилжүүлж авахгүй гэдгээ албан ёсоор зарласан. Энэ нь чанартай боловсон хүчин бэлтгэнэ гэсэн бидний зорилготой холбоотой. Өмнө нь манайх их эмчийн ангид жилд 500-600 хүүхэд элсүүлдэг байлаа. Аав ээжийнхээ тулган шаардалтаар, найз нөхдийнхөө ятгалгаар манай сургуульд элссэн хүүхэд явцын дунд халширч сургуулиа орхидог. Тиймээс төлөвлөсөн ёсоор 2020 он гэхэд жилд их эмчийн ангид 150-200 хүүхэд эслүүлдэг болох учиртай. Өөрөөр хэлбэл, оюутны тоогоор бус чанарт анхаарч, маш сайн мэргэжилтэн бэлтгэх язгуур өөрчлөлтийн үндэс нь энэ байх болно.
-Эдийн засаг хямралтай энэ үед сургалтын төлбөрийг үндэслэлгүйгээр нэмлээ хэмээн эцэг эхчүүд ихээхэн бухимдацгааж байгаа бололтой. Танай сургуулийн нэр тэр дунд “цохиж “ яваа харагдсан?
-Улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал хүнд байгааг мэдсээр байж бид сургалтын төлбөрөө нэмээгүй. Манай сургуулийг төлбөрөө нэмсэн тухайд Монголын оюутны холбоо улс төр хийж буй. Сургалтын төлбөрөөрөө юу хийснээ нийтэд зарла гэсэн. Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна жилийн төсвийг сургуулийн Удирдах зөвлөл баталж, хянадаг. Оюутнуудад хичээвэл сайн сурах боломж дүүрэн байна.Тэд ч үүнийг сайн мэддэг. Үүнээс гадна манай сургууль өнгөрсөн жил 150 сая төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгосон.
Энэ жил 250 сая төгрөг олгохоор төлөвлөсөн. Хамгийн багаар бодоход 200-250 хүүхэд сургалтын тэтгэлэгт хамрагдана гэсэн үг. Үүнд ямар нэг танил тал, арын хаалга хэрэггүй, зөвхөн сайн сурах явдал. Мөн амьдралын боломж тааруу 50 хүүхдэд тэтгэлэг олгоно. Иймэрхүү байдлаар оюутан руу хандсан ажлуудыг хийж байгаа ч сайн талыг нь харахгүй байж муугаар мушгих нь ичгэвтэр зүйл л дээ. Энд нэг зүйлийг хэлэхэд, анагаахын сургууль бол зүгээр нэг мэргэжил олгох дамжаа биш. Эмч бэлтгэдэг сургууль учраас хамгийн хатуу шаардлагыг тавих болно,оюутнуудад.
-Хүний хөгжлийн шинжлэх ухааны хаан бол мэдээж анагаахын ухаан. Энэ сургуульд чадал чансаатай эрдэмтэн багш нар ажиллаж гэмээнэ дэлхийтэй хөл зэрэгцэж чадна. Тэдний урмыг хэрхэн сэргээх нь таны гарт буй?
-Намайг захирлаар томилогдсоноос хойш найман гавьяат, ардын эмч нэг төрсөн. Энэ бол манай багш нарын хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндөр үнэлж буйн илэрхийлэл. Сургуулийн хамт олон, Удирдах зөвлөлийн тухайд багшийн хөдөлмөрийг үнэлэх, дэмжих тэдний нийгмийн асуудлыг шийдэх тал дээр боломжийн хэмжээнд ажиллаж байгаа гэж би хувьдаа боддог, дүгнэдэг. Өнгөрсөн жил гэхэд 43 багшийн нийгмийн асуудлыг бага боловч шийдэх үүднээс буцалтгүй тусламжийг олгосон. Ер нь бол багш нараа харж үзэх, нийгмийн асуудлыг нь шийдэх цаг хэдийнэ болсон.
Түүнээс гадна манай сургууль энэ жил Төв Азийн анагаахын шинжлэх унааны онлайн сэтгүүлийг эрхлэн гаргах эрхтэй болсон. Үүний цаад мөн чанар нь сургуулийнхаа эрдэмтэн багш нарынхаа судалгаа, шинжилгээний бүтээлийг дэлхийн хэмжээнд танилцуулах гэсэн хэрэг. Бид алийн болгон өөрийн орны судлаачдын бүтээлийг олон улсад гаргах гэж бусдыг гуйж явах билээ. Тиймээс Солонгосын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч энэхүү сэтгүүлийг эрхлэн гаргана. Эхний дугаараа ирэх аравдугаар сард уншигчдадаа өргөн барина.
-Тэгвэл танай хамт олны дараагийн том төлөвлөгөө буюу зорилго юу байна?
-Ажил, амьдрал ундарч байдаг хорвоо юм хойно өдөр бүр шинийг сэдэж суух юм. Бид 2018 онд сургуулийнхаа эмнэлгийг барьж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа. Үүгээр зогсохгүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинэ цогцолбортой болно. Зураг төсөл нь бэлэн болчихсон. Хот төлөвлөлтийн газар өгчихсөн, батлаад өгвөл хөрөнгө оруулалтаа олж, ирэх жил ажлаа эхлүүлбэл, 2018 оны сүүл гэхэд шинэ сургуультай болох магадлал бий. Бид энэ ажлыг хийж чадна, чадах ч ёстой. Цогцолборыг барьж ашиглалтад оруулснаар манай сургуулийн 7000 орчим оюутан хотоос гарна.
-Монгол хүний оюуны чадавхи дэлхийд гологддоггүйн жишээг таны шавь баталсан. Түүний залгамж халааг хэн авахыг та хэлж өгнө үү?
-Манай сургуулийг төгссөн 24 эрдэмтэн доктор дэлхий хэмжээний том лабораторит ажиллаж, дэлхийн хэмжээний том том төсөл хөтөлбөрийг удирдаж байгаа. Тухайлбал, миний шавь Нямбаяр маань Японы маш том лабораторид ажиллан дэлхийн хэмжээний төслийг удирдаад явж байна. Нямбаярын эзэмшсэн нарийн мэргэжлийг дэлхий дээр 4-5 эрдэмтэн л эзэмшсэн байдаг юм.
-Тэднээс дэмжлэг авах, хамтран ажиллах тухайд та бүхэн юу хийж байна вэ?
-Манай сургууль 24 орны 190 орчим их сургууль, байгууллагатай Гадаад хамтын ажиллагаа, түнш байгууллага болно гэдэг маань өөрсдийгөө сурталчлах, хөрөнгө оруулалт гуйхын нэр биш. Хамгийн гол нь төгсөгч нараа олон улсын зах зээлд гаргах нь бидний зорилго. Үүний тулд мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулж эхэлсэн.
-Жинхэнэ эмч сумын эмнэлгээс төрдөг гэлцдэг. Одоо тэндээс жинхэнэ эмч төрөх эсэх нь эргэлзээтэй. Алс бөглүү сумын эмнэлгийн багаж төхөөрөмж гэдэг шахааны зүйл л байдаг юм билээ. Танай төгсөгчид ингэж ярьж байна уу?
-Монгол Улсад ажиллаж байгаа 42 мянган эмч, эмнэлгийн ажилчдын 90 гаруй хувь нь манай сургуулийн төгсөгч байдаг. Тиймээс хөдөө, орон нутагт ажиллаж байгаа эмч нарынхаа хувь заяанд санаа зовдог. Техник тоног төхөөрөмжийн тухайд тантай санал нэгдэнэ. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажлаар явж байгаад зориуд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тэнд миний хоёр шавь ажиллаж байна лээ. Гэр бүлийн хоёр л доо. Лабораторийнх нь тоног төхөөрөмж гэж хог болсон төмөр. Хоцрогдсон, сэлбэгийг үйлдвэрлэхээ больсон. Тийм л төхөөрөмжийг сумын эмнэлэгт шахсан байна лээ. Үнийг нь сонсоход хэл хальтирмаар.
-Эмчийн ёс зүйн талаар танд хэлэх юм байна уу. Эмчийг сайн гэж магтах мөртөө авлига авахгүй бол хөдлөхөө больсон гэж шүүмжлэх нэгэн байдаг?
-Дээр өгүүлсэн дээ, зах зээлд шилжиж чадаагүй салбар гэж. Эмчийн цалин баарны үйлчлэгчийнхээс бага. Өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч 350 мянга, орон нутагт ажиллаж байгаа нь 400 мянга. Эмч мэргэжлийг эзэмшсэнийхээ төлөө гоёж гоодох эрхгүй байж болохгүй биз дээ. Нөгөөтэйгүүр, төр даахгүй мөртөө баахан булуу хураасны гайг манай салбар үүрч буй. Урд хормойгоороо хойдохоо нөхсөөр өнөөдрийг хүрсэн. Нийгмийн даатгалд эх хүүхэд, хавдартай өвчтөний зардлыг даана гэж байгаа ч дааж байгаа нь хаана байна. Тиймээс үүнийг чөлөөлөх ёстой. Харин гарцаагүй төлбөрөө төлж чадахгүй байгаа хэсэг бүлгийг л даах ёстой. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар үндсээрээ өөрчлөгдөж, эмч эмнэлгийн ажилчдын үнэлэмжийг сайжруулж гэмээнэ зөв гольдролд шилжиж чадна. Тиймээс зоригтой өөрчлөлтийг хийх цаг болсон.
-Сайн эмчийг бэлтгэхэд дадлага чухал. Гэтэл өнөөдөр хувийн болон хувьсгалийн эмнэлгүүд оюутнуудыг дадлагажуулах сонирхолгүй болсон гэх сураг дуулдсан. Асуудал юунд байна?
-Энэ бол хэцүү асуудал. Социалист нийгмийн үед хүчээр зохицуулдаг байсан. Манай сургуулийн тухайд нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Эх нялхсын төвтэй хүйн холбоотой учраас энэ талын зовлонг эдлэх нь харьцангуй бага.
-Ер нь Монголд хамгийн сурж бардаггүй сургуулийг танайх гэдэг. Сурсаар байгаад тэтгэвэрт гарах цаг болдог. Үүний хугацааг богиносгох боломж бий юу?
-Үгүй юмаа. Харин ч манай улс маш богино сургалттай. Ер нь 15 жил сурч байж эмч болдог. Манайд үндсэн баклавр зургаан жил, резидент нь 1.5-2 жил. Гэтэл бусад улсад резидэнт нь 3-5 жил. Резидент нь эмнэлэг дээрээ хонон өнжин ажиллаж байж бүх зүйлийг сурч мэдээд сайн эмч болдог. Дээрээс нь резидент эмчдээ цалин өгдөг. Гэтэл манайд юун цалин өгөх. Тиймээс олон улсын тогтолцоог манайх нэвтрүүлэх хэрэгтэй.
-Тэгвэл Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон юм биш үү?
-Тийм. Резидент эмч цалинтай болох ёстой. Жишээ нь Солонгосын их сургуулийн эмнэлэг 30 ор бүхий нэг тасагтай. Тэнд нь орон тооны нэг эмч ажиллаж бусад нь резидент эмч байх жишээний. Гэтэл манай улсын томоохон эмнэлгийн 30 ортой тасагт 5-6 их эмч ажиллаж, тэд сайн эмчилсэн, олон хүн үзсэнээс үл шалтгаалан маш бага цалин авна. Тиймээс л тэд илүү орлого олохын тулд хувийн эмнэлэгт ажилладаг. Энэ нь тэдний буруу биш. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцоог яаралтай шинэчлэх ёстой.
-Танай сургууль салбар олон сургуультай. Таны үндсэн мэргэжил био анагаах. Харин удирдлагын төвшинд ажиллаад ирэхээр био анагаахын хөгжлийн хурдац ямар төвшинд гарч байна вэ?
Тийм болохоор л олон дэд захиралтай байдаг. Эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээ, санхүү эдийн засаг эрхэлсэн гээд дөрвөн дэд захиралтай учраас бидний шийдвэр хамтынх байдаг. Хоёрдугаарт миний үндсэн мэргэжил дархлаа судлаач. Энэ чиглэлээр багшилж, эрдмийн зэрэг цол хамгаалсан. Өнөөдөр ч судалгааныхаа ажлыг хийсээр байгаа. Гэсэн хэдий ч сургуулийн ерөнхий менежерийн хувьд хүссэн ч хүсээгүй бусад салбарыг нэг ижил төвшинд харж үзэх учиртай. Био анагаахын сургуулийн захирал байхдаа зөвхөн өөрийн сургуулийн хөгжлийн төлөө явж байсан. Одоо бол бүх салбарын төлөө явж байна. Гэхдээ био анагаахын салбар хэдий хэмжээний хөгжинө эрүүл мэндийн салбар төдий чинээгээр хөгждөг.
-Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмчилж оношилж чадахгүй гэсэн 33 өвчнийг зарласан байдаг. Тэднийг бүрэн эмчлэх цаг хэзээ вэ?
-Энэ бол хуудуутай зүйл. Бид судалж үзсэн. Яг үнэндээ 16 эмгэгийг Монголд эмчилж чадахаар юм билээ. Бид цогцолбор эмнэлэг сургуулиа байгуулаад үүнийгээ ярих биш ажил хэрэг болгож харуулна.
-Тэгэхээр бидэнд техник үү эсвэл ур чадвар дутаад байна уу?
-Техникийн хоцрогдол. Аливаа техникийн хоцрогдол оюуны хомсдлыг дагуулж явдаг жамтай. Анагаах ухаанд нэвтэрсэн, ашиглагдаж буй техникийн байдлаар Монгол Улс 20-30 жил дэлхийгээс хоцорч яваа. Тэр хэрээр оюуны хомсдолтой яваа байхгүй юу. Тэгэхээр энэ хомсдлыг даван гарах хамгийн зөв арга нь техникийн дэвшлийг гүйцэх. Бид араас нь хөөгөөд дэлхийн улс орныг гүйцэхгүй. Тиймээс маш ухаалаг товчлол хийх ёстой. Ухаалаг товчлолыг яаж хийх вэ гэхээр техникийн хангамж байгаа юм.