09.02

Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ л авна

Өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгөх боломж энэ сараас эхлэх тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулангаас тодрууллаа. 

-Өрхийн эмнэлэгтээ шин­жил­гээ өгөх боломжтой болж байгаа гэсэн. Энэ ажлын бэлт­гэлийг хэзээнээс хийж эхлэв? 
-Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпорацитай хамтран ажиллах гэрээний хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн чадамжийг сайжруулах зорил­гоор 142 төвийн эмч, мэргэжилтнүүдэд анхан шатны үзлэг оношилгоо хийх шээсний орчин үеийн аппаратыг танилцуулах, ашиглах, унших сургалтыг энэ оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд үе шаттайгаар зохион байгуулаад байна. Хүний нөөцийг бэлтгэх ажилд ихээхэн цаг хугацаа зарцуулсан.

-Тэгэхээр өрхийн эмнэлэгт зөвхөн шээсний шинжилгээ өгөх боломжтой гэсэн үг үү. Энэ талаар тодруулахгүй юу? 
-Руйсанса  корпорациас буцалт­гүй тусламжийн хүрээнд ний­лүү­лэгдэж байгаа нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж нь шээсний шинжилгээ авах зориулалттай. Шээсний шинжил­гээгээр дамжуулан 10 гаруй үзүү­лэлтээр хариуг багцалж, цахим системээр дамжуулан хувь хүний эрүүл мэндийн өөрчлөлтийг мэдээлэх юм. Ингэснээр аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хянах боломжоор хангах ба улмаар иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд ихээхэн түлхэц болно гэж үзэж байгаа. 

-Зарим мэдээллийн хэрэгс­лүүдээр цусны шинжилгээ ав­даг болж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан байсан? 
-Манайхаас цусны шинжилгээг есдүгээр сарын 01-ээс хийж эхэлнэ гэсэн  мэдээлэл өгөөгүй. Гэтэл зарим мэдээллийн сайтуудаар ийм мэдээлэл гараад байгаа нь ташаа ойлголт юм. Бид эхний ээлжинд шээсний шинжилгээ хийх аппаратаа оруулж ирсэн. Цаашдаа хамтран ажиллах гэрээнд цусны шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, биеийн жингийн харьцаа  зэрэг үзүүлэлтүүдийг үзэх аппаратыг оруулж ирэхээр тусгасан байгаа нь үнэн. Тэгэхээр иргэд эхний ээлжинд зөвхөн шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгтээ өгөх боломжтой болж байгаа юм.

-Шинжилгээ өгсөн иргэд хариугаа цахимаар авах юм байна. Интернэт орчинд орж чаддаггүй хүмүүст ямар маягаар хариуг нь өгөх вэ? 
-Шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid вэб сайтыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернэтээр шинжилгээний хариугаа авах, хянах  боломжтой болж байгаа юм. Гэхдээ Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж, хариугаа цаасаар хэвлэн авах боломжтой.

-Одоо өрхийн эмнэлгүүд шинжилгээгээ авч эхлэхэд бэлэн үү. Хэзээнээс шинжилгээгээ авч эхлэх вэ? 
-Хүний нөөцийг чадваржуулах  эцсийн сургалтыг энэ сарын 08-10-ны хооронд хийж дуусмагц тоног төхөөрөмжүүдээ хуваарилан энэ сарын 22-нд төслийн албан ёсны нээлт хийсний дараа шинжилгээ авч эхэлнэ.