09.03

Р.Хишигдэлгэр: Киногоо дэлгэцэнд гарах хүртэл хоног тоолон хүлээсэн

“Босуул” киноны гол дүрд тоглосон Р.Хишигдэлгэрийг шинэ танил буландаа урилаа.

 

-Анхны кинондоо гол дүрд тоглолоо. Нээлтийн өдөр хүртэл хэр их догдолж байв?

 

-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Анхны дэлгэцийн уран бүтээлдээ гол дүр бүтээсэндээ баяртай байгаа. Кино дэлгэцэнд гарах хүртэл хоног тоолон хүлээсэн. Өнгөрсөн долоо хоногт кино нээлтээ хийлээ. Тэр өдөр манай уран бүтээлчид их догдолсон харагдсан. Арга ч үгүй биз. Сар гаруй хугацаанд өвлийн хахир хүйтнийг даван туулж хийсэн уран бүтээлээ үзэгчдээр үнэлүүлэх болохоор догдлол бас бага зэргийн сандрал байсан.

 

-“Босуул” киноны гол дүрийг хэрхэн бүтээх болсон бэ. Ямар шалгуурыг давав?

 

-“Босуул” кинонд Хорлоо хэмээх хэлгүй бүсгүйн дүрд тоглосон. Хэлгүй хүний дүрд тоглох их хэцүү юм билээ. Учир нь үзэгчидтэйгээ зөвхөн нүдээрээ харилцах учраас бүх зүйл үнэн байх ёстой. Энэ кинонд чадлаараа хичээж тоглосон. Шалгаруулалтын хувьд гурван цагийн турш проб өгсөн. Эхлээд үстэй дээл өмсөөд кино үйлдвэрийн гадаа гүйж, дараа нь дотор гүйсэн. Сүүлд нь нүүр будалт хийлгэсэн. Ингээд жүжиглэлтийн шалгуурыг давсан. Проб өгсөний дараа 10 гаруй хоногийн турш ямар ч хариу ирээгүй. Унтаж ч чадахгүй, тэнцсэн болов уу яасан бол гэж санаа зовж байв. Тэгээд зураг авалт эхлэхээс бараг долоо хоногийн өмнө тэнцсэн хариуг сонсоод баярласандаа мэлмэртэл уйлж байлаа.

 

-Киногоо үзээд үзэгчийн хувьд ямар дүгнэлт хийсэн бэ?

 

-Ж.Сэнгэдорж гэх энэ мундаг найруулагчийн кинонд дүр бүтээнэ гэдэг том аз. Тийм ч учраас анхнаасаа энэ сайн кино болно гэдгийг мэдэж байсан. Нээлтийн үеэр киногоо үзээд өндөр сэтгэгдэлтэй гарсан. Учир нь өнөөгийн нийгэмд амьдарч байгаа залуус бидэнд хүн хүнээ хайрлах сэтгэл дутмаг байгаа юм шиг санагдсан. Эцэст нь манай кино “Хүнд хүн л хэрэгтэй” байдаг гэдгийг харуулсан бүтээл болжээ гэж бодсон. Энэ дашрамд кино зураг авалтын турш надад зөвлөгөө өгч тусалж дэмжиж байсан кино группийн ах, эгч найз нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бас сар гаруйн хугацаанд ээжийн минь оронд ээж болж анхаарал тавьж байсан нүүр хувиргагч н.Шүрээ эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Аав тань жүжигчин байсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?

 

-Бага байхдаа том болоод кино од болно гэж мөрөөдөж төсөөлдөг байв. Мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биелсэнд баяртай байгаа. Ер нь би урлагийн гэр бүлд өсч торнисон. Миний өвөө Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Данзангийн Дугарсүрэн. Өвөө минь 1941 оноос хойш өнөөг хүртэл 70 гаруй жил Монголын хөгжмийн урлагт амьдрал, уран бүтээлээ зориулж яваа нэгэн. Харин миний эмээ Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн сурган хүмүүжүүлсэн 12 шавийн нэг. Хуульч мэргэжилтэй ч “Солонго”, “Цасан хүү”, “Аль нь хэцүү вэ” зэрэг жүжигт дүр бүтээж байсан. Харин миний аав Монгол улсад чамгүй хувь нэмэр оруулсан доктор, профессоруудын нэг байлаа. Ааваараа маш их бахархдаг. Миний аав Монголын хамгийн анхны тагнуулын тухай кино болох “Ацаг шүдний зөрүү” киноны зохиолыг бичиж найруулсан. Мөн Богд хааны тухай “Эцсийн шийд” гэх жүжгийн зохиол бичсэн мундаг хүн.

 

-Таныг пиццаны рекламанд тоглосноор хүмүүс таньдаг байх. Цаашид ямар зүйл хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Шинэ киноны санал ирж байна уу?

 

-Одоо нэгэнт урлаг гэдэг гэр бүлд өөрийгөө орсон гэж бодож байгаа. Тийм учраас урлаг соёлын салбарт анхаарлаа хандуулна. Гэхдээ өөрийнхөө боловсрол, хичээл сургуулиа нэгдүгээрт тавих болно. Миний хувьд эмэгтэй хүн боловсролтой, мэдлэгтэй байх нь чухал гэж үздэг. Саяхан нэг киноны пробонд орчихоод хариугаа хүлээж сууна.

 

-Хаана ямар сургууль төгссөн бэ?

 

-Солонгосын “Daeduk College”-д Моделийн ангид сурч байгаад дундаас нь хаясан. Модель биш гэдгээ ухаараад Сөүлийн “Sookmyoung” охидын сургуулийн Солонгос хэлний курсийг дүүргээд эх орондоо ирсэн. Одоо Монголын үндэсний их сургуулийн хууль эрх зүйн ангид суралцаж байна.

 

-Ирээдүйд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах уу?

 

-Сургуулиа төгсөөд Соёлын яаманд ажилд орно гэсэн зорилгыг өөртөө тавьсан.

 

-“Miss Mongolia 2013” тэмцээний шилдэг оролцогч болж байсан. Одоо загварын төрлөөр ямар нэгэн уралдаанд оролцох бодол байдаг уу?

 

-Эмэгтэй хүн бүр ямарваа нэг миссийн тэмцээнд орж өөрийгөө сорихыг хүсдэг байх. Би ч гэсэн яг ийм сэтгэлдээ хөтлөгдөж миссийн тэмцээнүүдэд оролцож байв. Моделийн хувьд гэвэл бие жижигхэн. Хэрвээ өндөр байсан бол үзээд алдах байсан байх. Одоо мисс, моделийн тэмцээнээс зодог тайлах цаг нь болсон гэж бодож байна.

 

 

-Найз залуу эсвэл нөхөртэй юу. Кино нээлтийн үеэр 99 сарнай бэлгэнд авсан гэсэн. Нууц биш бол энэ бэлэгний эзэн хэн бэ?

 

-Одоогоор ганц бие. Эмэгтэй хүн ер нь гэр бүл зохиох гэж яараад хэрэггүй юм шиг санагддаг. Миний хувьд нас залуу учраас найз залуу, нөхөр гэдэг зүйлд санаа зовохгүй байгаа. Хэзээ нэгэн цагт айлын эзэгтэй, хүүхдийн ээж болохоос өмнө хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна. 99 сарнайн хувьд хэн өгсөн нь мэдэгдэхгүй л байна. Юутай ч маш сайхан гэнэтийн бэлэг болсон. Хэрвээ ярилцлагыг минь уншиж байвал тэр хүнд баярлалаа гэж хэлье.

 

-Ер нь эмэгтэй хүний хувьд юунд их анхаардаг вэ?

 

-Царай зүс, биедээ анхаарлаа хандуулдаг ч гэсэн сэтгэл, хүн чанарт илүү анхаарал хандуулдаг. Хүн шиг хүн байж, хүнийг хайрлаж, өрөвдөж, ойлгож байж амьдралыг ялангуяа энэ нийгэмд өөрийнхөө хүрээллийг зөөллөж чадах юм шиг санагддаг. Бас хамгийн их анхаарлаа хандуулж байх ёстой хүн бол миний ээж. Хоёр эрдэнийн минь нэг нь тэнгэрт халисан. Тиймээс үлдсэн ганц эрдэнэ болох ээжийгээ аль болох баярлуулж, сэтгэлийг нь тэнэгэр, санаа зовох зүйлгүй байлгахын тулд хичээж, ачийг нь бага ч болтугай хариулахыг эрмэлзэж явна.

 

-Сүүлийн үед залуу бүсгүйчүүдийг эр хүний царай, мөнгө харах боллоо гэдэг. Таны хувьд залуусын юуг хардаг вэ?

 

-Соёлтой, хөгжилтэй, сэргэлэн, эр хүний ноён нуруутай хамгийн чухал нь сэргэлэн залуучууд таалагддаг. Хүнийг нүднээс нь таньж болдог шүү дээ. Цаанаасаа л нэг цоглог гэрэлтсэн нүдтэй залуучуудыг харахаар эрч хүч авдаг. Царайны хувьд гэвэл хүн болгон л танилцсан хүнийхээ царай, хувцсыг харж тархиндаа дүгнэлт хийдэг. Тийм учраас үүнд буруу өгөх хэрэггүй байх. Мөнгөний хувьд гэвэл хүмүүс юу гэж боддогийг мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд мөнгө хэрэглээ. Амьдралын салшгүй нэг хэсэг. Гэхдээ хэт их мөнгө харсан амьдрал амттай байхгүй л болов уу гэж бодож байна. Ямарваа нэг зүйл хол зөрүүтэй байдаг учраас охидууддаа “Хайр сэтгэлээс нь илүү тэр хүний түрийвчийг тархиндаа битгий хадаарай” гэж захья.

 

- See more at: http://www.unen.mn/content/53652.shtml?alias=entertainment#sthash.KTVJhEqA.dpuf