ОХУ-ын Улаан-Үүд хотод өнгөрөгч наймдугаар сарын 25-31-нд болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчдын гаргасан амжилтын талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ.
Уг хуралд баг тамирчдаа ахалж оролцсон Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад хүмүүс болон амжилт гаргасан тамирчид оролцсон юм.Аймаг, нийслэлээс шалгарсан 120 тамирчин хүүхдүүд спортын есөн төрлөөр оролцож, нийтдээ 70 медаль хүртсэн аж.
Тухайлбал, хөнгөн атлетикийн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр долоо, чөлөөт бөхийн төрөлд алт дөрөв, мөнгө хоёр, хүрэл долоо, Боксийн төрөлд алт хоёр, мөнгө нэг, хүрэл долоо, жүдо бөхийн төрөлд алт, мөнгө тус бүр долоо, хүрэл зургаа, ширээний теннисний төрөлд мөнгө гурав, хүрэл хоёр, шатрын төрөлд хүрэл нэг, гар бөмбөгийн төрөлд дөрөвдүгээр байр, байт харвааны төрөлд дөрөвдүгээр байр, хөл бөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай оролцжээ.
Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачилгаар зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол туургатны хүүхдийн их наадам анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байсан.
Энэ жилийн тухайд есөн төрөлд оролцсон бөгөөд шинээр хөл бөмбөгийн төрлийг нэмсэн. Тэгвэл тус төрөлд хөл бөмбөгийн баг тамирчид алтын төлөө тоглож мөнгөн медалийг хүртжээ.