Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ талаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Ингэснээр цусаа бэлэглэх донорын тоо нэмэгдэж байгаа юу?
-Донорын цус цусан бүтээгдэхүүний хангамж аюулгүй байдлыг сайжруулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ард иргэдийг уриалан тогтмол хугацаанд цусаа бэлэглэн, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, бүх нийтийн үйлс болгох ЭМСЯ, ЦССҮТ-ийн санаачлагаар сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон. Энэ өдрийг төрийн болон ТББ-тай хамтран зохион байгуулдаг болсон. Энэ нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаарх ойлголтыг өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Цусаа бэлэглэх үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Харин энэ удаад Хилчдийн баярыг угтан Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0253 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өөрийн нэрэмжит донорын өдөрлөг болгон тэмдэглэж байгаа. Ер нь байнгын дутагдалтай байсан цусны нөөц сүүлийн хоёр жилд тогтмол нэмэгдэх боллоо. Энэ нь нь олон нийтийн дунд донор байх, цусаа хандивлах сайн үйлсийн аяныг сурталчилгаа сайжирч, донорын тоо олширсонтой холбоотой.
-Танай төв дээр ирж цусаа өгөх иргэдийн тоо нэмэгдсэн үү. Явуулын байдлаар цус цуглуулах ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Өмнө нь суурин хэлбэрээр буюу манай төв дээр ирж цусаа өгөх хандлага бага байсан. Харин өнгөрсөн оны статистик мэдээг харж байхад нэлээн өссөн хандлагатай байгаа. Бид ажлын таван өдөр гадуур явуулын донорын өдрийг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүссэн компани, аж ахуйн нэгжүүд дээр очиж цусаа бэлэглэх үйл ажиллагааг зохион байгуулдаг гэсэн үг. Энэхүү үйл ажиллагаа сүүлийн үед нэлээд эрчимтэй зохион байгуулагдаж байгаа. Мөн монголын Улаан загалмайн нийгэмлэг, сайн дурын идэвхтэнүүдийн оролцоо их байдаг.
Дунд шатны хороо, дүүргүүд, Монголын доноруудын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын хандлага сайн байгаа. Сүүлийн үед залуусын дунд сошиал медиагаар дамжуулан цус цуглуулах үйл ажиллагааг дэмжих хандлага сайн болсон. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нумын ордныхон ирж цусаа өгсөн гэх зэргээр залуусын сайн дурын хандлага өргөн хүрээтэй болж байгаа.
-Донорын тоо өмнөх жилүүдээс хэдэн хувиар өсөөд байгаа вэ?
-Сайн дурын хандлага нэмэгдэхийн хэрээр цус цусан бүтээгдээхүүний донорын тоо огцом нэмэгдэж байгаа. Одоогоор манай улсад 150 мянга гаруй орчим хүн цусаа бусдад хандивласан байдаг. Үүнээс 38 хувь буюу 60 мянга орчим нь жилд 2-3 удаа цусаа хандивладаг идэвхтэй донорууд юм. Ингэж донорын тоо нэмэгдсээр байгаа боловч нөгөө талдаа цусны эрэлт өссөн. Одоогоор II бүлгийн цус хамгийн их эрэлттэй болж, нөөц нь багасаад байна.
-Иргэд цус өгөхийн өмнө юуг анхаарах шаардлагатай байдаг юм бэ?
-Урьд өдөр нь сайн унтаж амрах, хувийн ариун цэвэр сайн сахих, өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна, цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэвэл зүгээр байдаг.\
Ж.Мягмар