Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг хөөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сайдын суудлаа хэрхэн хуваах талаар тохиролцоо ч хийгдэж, суудал горилогсдын жагсаалт үүссэн гэж хэлж болно. Ийнхүү сайдын суудал горилогсдын нэрс парламент дотроос тодорч, өргөн баригдсан юм. Тухайлбал, Шадар сайдад Ц.Оюунбаатарыг, Сангийн сайдад Б.Болорыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Н.Батцэрэгийг, Зам тээврийн сайдад М.Зоригтыг, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгийг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг томилуулахаар Ерөнхий сайд тогтоолын төслөө УИХ-д мэдүүлсэн.
УИХ-аас дээрх зургаан дэмжвэл маргаашнаас хэтрэхгүй тамгаа гардаж, сайдын суудалд залрах юм. Сайдад нэр дэвшигчдийн тухайд нам эвслийн тодорхой төлөөлөл байгаа юм. Тодруулбал, Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Болор хамтарсан Засгийн газрын үед 2008-2011 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүний хувьд МҮДН фракцид харьяалагддаг. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Батцэрэг МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл гэж хэлж болно.
Ц.Оюунбаатарын тухайд МАХН-аас Шадар сайдад нэр дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн нь өдгөө цахим ертөнцөд багагүй хэл ам дагуулж байгаа юм. Зам тээврийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн М.Зоригтын тухайд тэрбээр МоАХ фракцид харьяалагддаг. Хаа сайгүй зургийн аппарат зүүж хүүхнүүдийн зураг авах дуртай хэмээх тодотголыг олон нийтийн сүлжээнээс хүртсэн түүнийг мөн л хэл ам тойрохгүй байна.
Улмаар Хөдөлмөрийн сайдад санал болгоод байгаа УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд “Шонхор” фракцийн төлөөлөл. Түүний хувьд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог хоёр ч удаа удирдаж явсан нэгэн. Шадар сайд асан У.Хүрэлсүх рүү салаавч гаргасан гэж “шанаадуулаад” амжсан тэрбээр мөн л таагүй сэтгэгдлүүдийн эзэн. Ямартай ч сайдын суудал горилогсдын тухайд олон нийтийн дунд сайнаасаа саараар хэлэгдсээр ирсэн байх юм. Гэсэн хэдий ч чуулганы танхимд тэднийг энэ шүүлтүүрээр дүгнэхгүй бололтой.
Г.НАРАН