09.08

Нэгдүгээр төрөхөд мэндэлсэн бол төрөлтийн түүхээ авч болно

Хуучнаар нэгдүгээр амаржих газар буюу "Нийслэлийн Өргөө амаржих газар"-т төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүх гардуулах нээлтийн ажиллагаа боллоо. Энэ талаар "Нийслэлийн Өргөө амаржих газар"-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Д.Мөнхтунгалагаас тодрууллаа.

-Танай эмнэлэгт төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүхийг өгөхөөр болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-“Нийслэлийн өргөө” амаржих газарт 1984-1994 онд төрсөн эх, хүүхдийн төрөлтийн түүх гардуулах нээлтийн ёслол өнөөдөр /өчигдөр/ болж байна. Учир нь энэ хугацаанд төрсөн хүмүүсийн түүхийг хадгалах хугацаа нь дуусчихсан. Тиймээс төрөлтийн түүхээ авахыг хүссэн иргэдэд өгөхөөр болж байна. Өмнө нь бол устгадаг байсан. Энэхүү үйл ажиллагаа Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

-Төрөлтийн түүх гэдэг нь яг ямар мэдээллүүдийг хэлж байгаа юм бол?

-Төрөлтийн түүх гэх материалд тухайн хүүхдийн төрсөн он, сар, өдөр, цаг, минут нь тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн биеийн өндөр, жин, эх, хүүхдийн биеийн байдал ямар байсан зэрэг мэдээлэл байгаа. Хэрэв ямар нэгэн эмчилгээ хийж байсан бол мэдээлэл нь дэлгэрэнгүй байх бөгөөд эх нь хэчнээн цаг дуншиж байгаад төрсөн зэрэг тухайн үеийн бүх мэдээлэл багтах болно.

-Түүхээ авахаар ирэх хүмүүс ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж ирэх үү?

-Манай эмнэлэг дээр төрсөн гэдгээ мэдэж байгаа бол түүхээ авах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, төрөлтийн түүхээ авахаар ирэхдээ биеийн байцаалттайгаа ирнэ. Материалыг нь ээжийнх нь овог нэрээр шүүх болно. Тиймээс ээжийнхээ овог нэрийг мэддэг, өөрийн биеийн байцаалттай л бол түүхээ авч боломжтой гэсэн үг.

-Энэхүү үйл ажиллагаа хэр удаан үргэлжлэх үү. Хэрэв хугацаанд нь амжиж авахгүй бол мэдээллийг нь устгачих уу?

-Иргэдийн төрөлтийн түүхийг хадгалах хугацаа өнгөрсөн 2014 онд дуусгавар болсон. Гэхдээ манай байгууллага архивын тухай дотоод журамд өөрчлөлт оруулаад, 2016 оныг дуустал төрөлтийн түүхийг олгохоор болсон. Тиймээс хоёр жилийн хугацаанд түүхээ авахыг хүүсэн хүмүүст буцааж өгөөд, 2016 онд мэдээллийг устгах болно. Эдгээр архивыг устгахгүй бол дараа дараагийн төрсөн хүүхдүүдийн  мэдээллийг архивлах нөөц боломжгүй болоод байгаа юм.

-Төрөлтийн түүхээ авахыг хүссэн иргэд хаана очих вэ. Ямар нэгэн төлбөр мөнгө төлөх үү?

-Хуучнаар нэгдүгээр амаржих газар буюу одоогоор “Нийслэлийн өргөө” амаржих газрын архивт хандах  хэрэгтэй. Төрөлтийн түүх авах иргэд ямар нэгэн төлбөр мөнгө төлөхгүй. 1984-1994 онд төрсөн эх, хүүхдийн 60 гаруй мянган төрөлтийн түүх байгаа. Тиймээс тухайн иргэн архивт хандсан тохиолдолд ажлын 3-4 хоногийн дотор гаргаж өгнө. Учир нь 60 гаруй мянган төрөлтийн түүхээс хайж олох учир багаггүй хугацаа шаардаж байгаа. Хэрвээ тухайн хүний төрөлтийн түүхийг олсон тохиодолд гар утас руу нь мэдэгдээд, өгөх болно.

-Хадгалах хугацаа нь дуусан эдгээр төрөлтийн түүхийг цахим хэлбэрээр архивлаж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэгт төрсөн бүх эх, хүүхдийн төрөлтийн түүхээс шаардлагатай гэсэн мэдээллүүдийг бид цахим хэлбэрээр архивлаж авч байгаа. Харин цаасан эх хувийг эх, хүүхдэд нь буцаан өгч байгаа юм.