Баяжуулах фабрикийн бүтээмж, чанарын дугуйлангийн ахлагч нарын 24-р уулзалт өнгөрөгч сарын 28-нд Технологийн сургуульд болов. Уулзалтанд 30 дугуйлангийн ахлагч цугласан юм.Энэ үеэр Баяжуулах фабрикийн орлогч дарга Ц.Батхуяг дугуйлангийн ахлагч нарт хандан хэлсэн үгэндээ:
Баяжуулах фабрикийн хамт олон бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөрийг 2005 оноос хойш 10 жил амжилттай хэрэгжүүлж ирлээ. Өнгөрсөн 7-р сард бидний хүсэлтээр Монголын бүтээмжийн байгууллагын шинжээчид манайд ирж бүтээмжийн хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцан үнэлэлт дүгнэлт өгсөн. “3 дэд хөтөлбөрийн үр нөлөө маш сайн буюу ажиллагчдын бүтээмжийн ухамсар өндөр түвшинд хүрсэн байна. “Эрдэнэт” хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг олон улсын менежментийн стандартын 1000 онооны аргачиллаар цогцоор нь үнэлэхэд 615 оноонд хүрсэн. Энэ нь бүтээмж дээшлүүлэх тогтолцоо амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн үндсэн гүйцэтгэлтэй уялдан өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг болж чадсан үр дүн юм” гэж дүгнэсэн. Энэхүү бахархалтай үйлсэд хамт олноо зохион байгуулж ажиллахад дугуйлангийн ахлагчийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг. Ингээд хамт олондоо шинийг эрэлхийлэх, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх бахархалтай үйлсэд манлайлан оролцогч, бүтээмж, чанарын дугуйлангийн ахлагч та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв. Уулзалтанд оролцогчид Баяжуулах фабрикийн Бүтээмж, инновацийн үйл ажиллагааны хэрэгжилтийн 2015 оны 1-р хагас жилийн тайлан, “Монголын бүтээмжийн төвийн шинжээчдийн дүгнэлт”, “Компанийн хөгжилд бидний оролцоо” аяны удирдамжтай танилцан, “Чанарын өртөг ба 7 алдагдал” сэдэвт лекц сонслоо. Мөн уулзалтанд оролцсон 24 ажилтан “Эрдэнэт” телевизтэй хамтран зохион явуулсан “ДАШ мэргэн” цэнгээнт нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тэргүүн байрыг “Үнэлгээ”, дэд байрыг “Ялалт”, гутгаар байрыг “Мэргэчүүд” баг эзлэв.