Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлахаар шийдсэнээ дуулгалаа. Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг түүний өмгөөлөгчид өнөөдөр 11:00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд өгнө. “Нүүрс” хөтөлбөрөөс олон тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдоод буй Л.Гансүх шүүх хурлыг нээлттэй, олон нийтийн өмнө явуулахыг шаардаж энэ дагуу түүний шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр товлогдсон ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. Түүнчлэн 10-ны өдрийг хүртэл Л.Гансүхийг дахин цагдан хорьж, 10-ны шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болсон юм. Үүнийг Л.Гансүх эсэргүүцэж, шүүх хурлыг шүүхийн танхимд бус шоронд хийж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн өлсгөлөн зарлахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, шүүх хурлыг шүүхийн танхимд хийхгүй бол өлсгөлөн зарлах аж. Мөн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдгийг илэрхийлсээр байгаа аж. Энэ зуур Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ахлах зөвлөхөө өмгөөлж түүний шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийхийг шаардаж энэхүү шүүх хуралд гэрчээр оролцохоо мэдэгдсэн нь өнгөрөгч 2-ны өдрийн шүүх хурлыг хойшлоход хүргэж басхүү дараагийн шүүх хурлыг цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болгов бололтой. Ямартай ч, гэрчүүд ирээгүйн улмаас хойшилсон өнгөрөгч 2-ны шүүх хурлаас гарч ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ямар хүмүүс Л.Гансүхийг гүтгээд байна. Тэднийг хармаар байна” гэх утгатай мэдэгдэл хийж шууд утгаараа бол гэрчүүдийг дарамталсан юм.