Ургаа голд урсгасан харамсалтай гэмээр, хайхрамжгүй гэмээр ч нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 02-нд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд оршин суугч 43 настай эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ голын усанд урсгажээ.
Онцгойгийнхон тухайн өдрийн 20:40 минутад дуудлага хүлээж авсан даруйдаа Аврах ангийн долоон албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг гаргаж, голын дагуу эрлийн ажлыг зохион байгуулсан ч ургийг олоогүй гэнэ. Тиймээс маргааш өдөр нь дутуу төрсөн ургийг хайх ажиллагааг албан ёсоор зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлжээ.
Хүүхдээ санаатай юу, санамсаргүй байдлаар голын усанд урсгасан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно гэдгийг эх сурвалж хэлэв. Сэжигтэн эмэгтэйн хувьд Гачуурт тосгонд амьдардаг, тогтсон гэр бүлтэй хүн бөгөөд “Хүүхэд амьд төрсөн, эсвэл дутуу, амьгүй байсан” гэх зэргээр зөрүүтэй мэдээлэл өгч байгаа гэнэ.