09.10

Байрны зээлээ өршөөлд хамруулъя

Нөхөд минь, цаагуур чинь хүн болгоныг, тэр ч битгий хэл юм болгоныг өршөөж байгаа бололтой. Гэмт хэрэг хийгээд “аавын хаалга” татсан нөхдүүдийг өршөөж байна. Яагаа вэ, саяхан УИХ-ын чуулганаар Өршөөлийн хууль батлаагүй юу. Хуулийн дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн хэрэг хийсэн нөхдүүдийг төр өршөөхгүй юу. Хуулийнх нь дунд авлига, албан тушаалын хэрэгтэй нөхдүүдийг өршөөх заалт давхиж явсан. Шөнө дөлөөр, шүлэг нойрын цагаар л ганц нэг заалт шургуулаад, ард түмнээс далд хэлэлцээд л баталчихаж байгаа юм, өнөөдүүл чинь.

Шөнө орой болсон цагаар баталсан болохоор зарим гишүүний нойр нь хүрээд, аль кноп дарсанаа ч мэдээгүй гэнэ лээ. Тэгээд сэрчихээд би эсэргүүцсэн, үгүй эсэргүүцээгүй гээд л хоорондоо хэрэлдээд байгаа дуулдана. Түүнээс үзэхэд ингэж дүгнэхээс өөр арга алга. Аз болж Ерөнхийлөгч өнөөх заалт дээр нь хориг тавьчихаад байна. Дээрээс нь өршөөлийн хууль батлагдсантай зэрэгцээд эрхээ хасуулсан 81 мянган жолоочид өршөөл үзүүллээ. Эрхээ хасуулсан 81 мянган хүний 98 хувь нь согтуу явж байгаад цагдаа ахад баригдсан гэнэ билээ. Тэгээд л жолоо барих эрх будаа. Ашгүй энэ цагт төр барьж байгаа гишүүдийн хайр ивээлээр тэд ядаж л жолоо барих эрхээ эдлэх нь. За яахав, ганц удаа архи уугаад, сэтгэл нь жаахан хөөрөөд, жолоо барьчихсан л биз. Хэрэг төвөг гаргаагүй бол барав.

Өршөө, өршөө. Дээрээс нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гээчийг бас баталсан. Зарим нэг дарга нэг удаа дансандаа сая ам.доллар мартчихаад, түүнийг нь хүмүүс сануулаагүй юу. Тэр үед бөөн юм болоод, хөөрхийг том албан тушаалд нь буулгаагүй юу. Тэгвэл шинэ хууль батлагдсанаар дансандаа ч сая ам.доллар мартчихаад гэнэт санаад, түүнийгээ гаргаж ирлээ гээд ямар нэг хариуцлага тооцохгүй. Үндсэндээ өршөөнө гэсэн үг. Тэр битгий хэл сэтгүүлчид нуусан мөнгөнийх нь тухай олж мэдчихээд, сонин дээрээ бичвэл өөрсдөө торгуулна гэж бай­гаа. Өршөөхийн хажуугаар сэтгүүлчдээс хүртэл хамгаалчихаж байгаа юм. Хуулиар шүү дээ.

Энэ мэтээр олон л хүн өршөөгдөж дуулдав. Өршөөлийн хууль батлагдсанаас хойш зарим эхнэрүүд араараа тавьсан нөхрөө өршөөж, буцаж сууж байгаа ч сураг байна.  Одоо харин байрны зээл авсан хүмүүсээ нэг өршөөчихмөөр байна аа, эрхэм гишүүд ээ.  Ядарсан муу иргэд чинь яаж ийж байгаад орон сууц аваад, найман хувийн зээлд хамрагдчихаад байна. 30 хувиа төлөөд, банкны шалгуур давчих боломжтой, орлоготой залуус бүгд л өртэй байгаа. Тийм болохоор залуучууддаа боломж олгоод, амьдрал ахуйд нь тус болох журмаар Орон сууцны зээлийн өршөөлийн хууль баталчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч эхнээсээ орон сууцныхаа өрийг дарж чадахаа болиод, байраа хураалгаж байгаа ч иргэд байна. Найдваргүй зээлдэгч рүү орж байгаа хүмүүс цөөнгүй байгаа. Тэдэнд ганц хэрэгтэй байгаа зүйл бол өршөөл л байна.

Ер нь бод доо, улсад өч төчнөөн төгрөгийн хохирол учруулсан /тэрбумаар л ярина/ хүмүүсийг өршөөх гэж хууль баталж чадаж байгаа юм чинь яагаад орон сууцны зээл авсан иргэдээ өршөөж болохгүй гэж. Ер нь ард түмэндээ нэг зүйлийг уриалмаар байгаа юм. Ерөөсөө орон сууцны зээлийг өршөөлийн хуульд хамруулсан нам, хүчнийг л дараагийн сонгуулиар 100 хувь дэмжих хэрэгтэй байна. Тэртээ тэргүй манайд “толгой” нэртэй хэдэн орд байна. Түүнийгээ явуулаад, ахиухан ашиг олчихвол орон сууцны зээлийн мөнгийг төр төлчихөж чадна гээд л зүтгэчихье. Хэрвээ тэгж чадвал эрх барьж байгаа АН байна уу, хамтарч байгаа МАХН байна уу, сөрж байгаа МАН байна уу хамаагүй сонгоё. Сурталчилгаа хийж их мөнгө цацах ч шаардлагагүй. Зүгээр л биднийг орон сууцны зээлийн өршөөлд хамруулаад өг. Тэгвэл ирэх жил сонгуулийн хуудсан дээр нохойныхоо нэрийг бичсэн байсан ч дугуйлчихна, санаа зоволтгүй.