Ард түмнээсээ “Хамгийн азтай хүн” хэмээх цол хүртээд буй З.Баянсэлэнгэ “оймсонд хавчуулагдан” УИХ-д орж ирсэн нэлээд хэдэн гишүүний нэг билээ. Тэгвэл “аз байвал ёозгүйгээр цохино” гэдэг шиг гишүүн маань Барилга, хот байгуулалтын сайдаар очиж нэг ёсондоо “хүүгээс бэрс” гарав. Гэсэн ч түүний хувьд хүсэл нь барагдахгүй л явна. МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа өршөөлд хамрагдахад өндөр хувь нэмэр оруулахаар зүтгэж басхүү энэ үйлдлээрээ түүнд үхтлээ үнэнч гэдгээ нотлохын оролдоод байх шиг. Гэхдээ ойр тойрныхноосоо албан тушаал ахихын хэрээр ааш зан нь хувирсан гишүүн бүсгүй хэн нэгэнтэй хэрэлдчих гээд байдаг зантай болсон аж. Өчигдөр л гэхэд тэрбээр Байнгын хорооны хурал дээр нэлээд бухимдалтай байдалтай сууж буй нь илт байв. Учир нь, Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан байгаа нь түүний эгдүүцлийг хүргээд байгаа аж. Үнэндээ Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хориг цаагуураа МАХН-ын дарга Н.Энхбаярт таарахгүй байгаа учраа З.Баянсэлэнгэ ийнхүү бухимдав. Тэрбээр мөн энэ үеэр “Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Хоригтой холбоотойгоор 350 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөнө гэсэн зүйл яриад байгаа. Гэхдээ энэ нь яг тодорхой зүйлгүй байна. “Шударга ёс” эвслийн бүлэг иймийн тулд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр хуулийн дагуу завсарлага авсан” гэдгээ хэлэв. Чухамдаа З.Баянсэлэнгийг Өршөөлийн тухай хуульд Н.Энхбаярыг хамруулж, гэм зэмгүй нэгэн болгож байгаа ч ганц Н.Энхбаярын цаана улсад их хэмжээний хохирол учруулсан олон цагаан захтнууд өршөөгдөх гээд байгаад ийнхүү унтууцаж ацан шалаанд оржээ.