Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд сүүлийн үед хулгайн хэрэгт ихээр холбогдох болсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх болсон. Мөн учир мэдэх албаны эх сурвалж Өмнөд Солонгосын визний нөхцөл зөөлөрсөнтэй холбоотойгоор өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Шенгений орнуудад хулгай хийн амьдардаг байсан монголчууд Өмнөд Солонгост олноороо очсоноос болж тэнд хулгай хийх монголчууд нэмэгдээд байгаа тухай хэлсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд дэлгүүрийн дохиололд мэдэгддэггүй цүнх ашиглан Монгол Улсын иргэн ээж, охин хоёр Өмнөд Солонгосын нэгэн дэлгүүрээс бэлэн хувцас хулгайлж байгаад баригдсан нь бөөн сенсаац болж байв. Мөн тэднийг ийм хэрэг хийдэг болоод ихэд удсаныг хэлсэн. Түүнчлэн дугай хулгайлдаг бүлэг монголчуудыг ч барьж байв. Харин энэ удаад Өмнөд Солонгосын Сувон хотод нэгэн Монгол залуу орон сууцны манаачийг цүнхийг хулгайлсан хэргээр саатуулагджээ. 38-н настай M хэмээх Монгол Улсын иргэн энэ сарын 8-ны орой Сувон хотын нэгэн орон сууцны хороолол дахь байрны манаачийн өрөөний цонхоор орж, дотроо 50 мянган вон /85 мянга орчим төгрөг/-ы эд зүйлс бүхий цүнх хулгайлсан байна. Тэрээр хулгайн хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд ойролцоох байрны гадаа унтаж байгаад, буцаж явахдаа байрны жижүүрийн цүнхийг хулгайлсан аж. харин энэ үед цүнхээ таньсан манаач цагдаа дуудсанаар Монгол залуу саатуулагдсан байна. Тэрээр "Би архи нэмж уух гэтэл мөнгө байхгүй болохоор мөнгө олохоор хулгай хийсэн. Гэхдээ би хулгай хийж байхдаа хэт согтуу байсан тул юу хийснээ санахгүй байна" гэж Өмнөд Солонгосын цагдаа нарт мэдүүлжээ.