1990-ээд оны эхээр усан дотор гар, хөлөөрөө зэрэг зураг зурдаг Л.Өнөрчимэг гэх бүсгүйн тухай хэвлэлээр шуугиж байлаа. Гэсэн хэдий ч нийгмийн нэг хэсэг нь эхэндээ хүлээн зөвшөөрөхгүй “Бас нэгэн шизотой хүүхэн” гэцгээж байсан цаг саяхан. Харин зураач Л.Өнөрчимэг нэг хэсэгтээ усанд хаясан чулуу шиг нам жим амьдарсан. Тэгвэл саяхан тэрбээр Ноён уулаар улс төр хийн гарч ирсэн. Үүнийгээ тэрбээр тайлбарлахдаа “Байгальд хайртай, Сэлэнгийн Ноён уул хавийн байгаль үнэхээр гайхалтай сайхан шүү дээ. Гэтэл тэр сайхан уулын модыг хядаад, ихэнх алтыг нь гадныхан ухаж аваад монголчуудад хариугүй жаахан хувь өгөхөөр улайрч байгааг хараад үнэхээр тэвчээр алдарсан” гэсэн юм.
Тэгвэл нам жим амьдарсан он жилүүддээ тэрбээр докторын зэрэг хамгаалахаар бэлдэж байсан бололтой. Энэ тухайгаа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бүтэн 12 жил доктор хамгаалах сэдэв дээрээ ажиллаж байна. Сэдэв нь “Зурах гоц авьяас нь оюуны спортын төрөл мөн” гэсэн сэдэв байгаа. Дотроо хүн судлал, боловсрол судлал, соёл судлал, түүх судлал, урлаг судлал гээд бүгд багтаж байгаа. Үүнээс гадна зургийн спортын түүхэн намтар, стандарт, технологи, амжилт, дурсамж, дисертаци, теором, үгсийн сан гэхчлэн бүх цуврал номоо бэлэн болгосон. Одоо хэвлэж гаргаснаар ард түмний нууцлаг авьяасыг илрүүлэх, их дээд сургуулийн сургалтад ашиглах, Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрт хамруулах зэрэг давуу талтай. Одоо төрөөс жаахан дэмжээд өгвөл ард түмэнд их хэрэгтэй ажил болно. Би 33 жил ёстой бор зүрхээрээ явж бусдаас ганц төгрөг ч горьдолгүй энэ бүхнийг амжуулсан” хэмээн ярьжээ.
С.НАРАН