09.10

Сурагчдын ”шидэт карт” хог дээр хаягдах нь

Монголын сурагчийн холбооноос нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор сурагчдын хуучин картыг сурагчид дахин ашиглаж чадахгүй болж байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна хэмээн үзэж байна.

Тодруулбал, Монголын сурагчийн холбоо, Нийслэлийн боловсролын газар хамтран өнгөрсөн хоёрдугаар сард “Нийслэлийн сурагчийн үнэмлэхийг” 192 мянган ширхэг хэвлэн сурагчдад 2000 төгрөгөөр тараасан. Энэхүү сурагчийн цахим үнэмлэх нь нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх, чээж зураг үнэ төлбөргүй авахуулах, интернэтийн 8000 төгрөгийн эрх эдлэх, 20 мянган төгрөгийн онлайн сургалтад хамрагдах зэрэг нийт 40 төрлийн хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэй байсан.

Гэтэл сурагчид энэхүү сурагчийн үнэмлэхээ огт ашиглаж чадахгүй, өөрөөр хэлбэл тэрхүү 40 гаруй төрлийн хөнгөлөлт, урамшууллаа эдэлж чадахгүйд хүрээд байна. Тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлагдсан гэх тэрхүү сурагчийн үнэмлэх ийн ашиглагдахгүй байгаа нь автобусны шинэ смарт карт гарсантай холбоотой. Учир нь, нийтийн тээврийн шинэчлэлээр уг картыг бус харин шинээр гаргасан ухаалаг смарт картыг ашиглах ёстой болж байгаа юм.

Иймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар Улаанбаатар смарт карт компаниас тодруулахад “Нийтийн тээврийн шинэчлэл аль хэдийн яригдаж эхэлсэн зүйл. Гэтэл сурагчийн холбооноос энэ асуудлыг тавьсан. Энэ хоёр систем хоорондоо огт өөр. Тиймээс автобусанд уншуулах боломжгүй” гэв. Тэгэхээр энэхүү “Нийслэлийн сурагчийн үнэмлэх” нь юунд ч ашиглагдахгүй байгаа төдийгүй бэлгэдлийн чанартай карт болон хувирч байна.