09.11

Даатгалын компаниуд чангалуулжээ

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсээс энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 5 даатгалын компанид иж бүрэн, 11 даатгалын компанид хэсэгчилсэн, мөн Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаанд иж бүрэн газар дээрх шалгалтыг хийж илэрсэн зөрчилд нийт 26.1 сая төгрөгийн торгууль тавигдаж улсын төсөвт төвлөрүүлсэн аж. 

Шалгалтаар даатгалын компаниудын нөөц сангийн байршил алдагдсан, нөөц сангуудын тооцоолол буруу, орлого тооцсон хураамжийг буруу тооцох, нөөц сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ зөвшөөрөгдсөн хувь хэмжээг зөрчих, даатгалын программ хангамж байхгүй, нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, нөхөн төлбөрийг зохих журмын дагуу барагдуулаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд илэрсэн байна.

Мөн 16 даатгалын компани, 34 даатгалын зуучлагч, 25 хохирол үнэлгээний компани, Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани болон Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаанд зайны хяналт тавьж хийж илэрсэн зөрчилд нийт 5.1 сая төгрөгийн торгууль тавигдаж улсын төсөвт төвлөрүүлжээ.

Нийт 15 даатгалын компани, 13 даатгалын зуучлагч компани, найман хохирол үнэлгээний компани болон Албан журмын даатгагчдын холбоонд санхүүгийн тайлангийн хариуг өгч зайнаас хяналт тавьж ажиллалаа. Хяналт тавих явцад Хорооны зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн борлуулсан, санхүүгийн тайлангийн хугацаа хоцроож ирүүлсэн, аудитлагдсан санхүүгийн тайланг олон нийтэд мэдээлээгүй, төлбөрийн чадварын үзүүлэлт хангаагүй, тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.