Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр “Гал үндэстэн” холбооныхон төрийн зүгээс урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй, Монголын байгаль орчныг сүйдэж мөхөхөд хүргэсээр байгааг эсэргүүцэх ажиллагаа зохион байгуулсныг санаж байгаа биз. Энэхүү ажиллагааны хүрээнд “Гал үндэстэн” холбооны хүн тус бүрд 22 жилийн ял сонсгож байсан билээ. Харин энэ үйл явдалтай холбоотойгоор хоригдож байсан С.Дашцэрэн, О.Ёндонсамбуу нар таалал төгсчээ.
Мөн энэ оны долдугаар сард “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Болдбаатар эрүүл мэндийн байдал нэн хүнд болж, ялаас чөлөөлөгдсөн. Одоогийн байдлаар Г.Болдбаатар нь биеийн байдал муу, баруун титмийн гурван судас бүрэн бөглөрч, зүрхнийхээ зүүн хэсгээр амьдарч байгаа ба чихрийн шижин өвчний хүнд шатанд байгаа аж.
Өмнө нь буюу 2002 онд ОХУ-д зүрхний хүнд хагалгаанд орж гурван судсаа солиулж байсан ч одоо уг хагалгаандаа дахин орох болсон тул “Гал үндэстэн” холбооноос Г.Болдбаатар болон хэлмэгдсэн гишүүдийн эрүүл мэнд, нас барсан гишүүдийн ар гэрийнхэнд туслах зорилгоор хандив өргөхийг ард түмнээсээ хүсчээ. Хэрэв уншигч та хандив өргөхийг хүсвэл Гомбодоржийн Болдбаатар /Хаан банк/ 5003960121 тоот төгрөгийн дансанд сэтгэлийн хандиваа өргөөрэй.