09.14

“Эрэл” тоосгоны үйлдвэр эзэнт гүрнээ Ханын материалд байгуулчихжээ

Үйлдвэр, түүний дараа иргэд гэсэн тогтолцоо манай нийслэлд үйлчлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хотын удирдлагууд, Нийслэлийн иргэдийн хурлынхан солигдох бүртээ ирэх жилүүдэд хийх хамгийн том ажил бол үйлдвэрүүдийг иргэдээс ангижруулж, хотоос гаргах том төлөвлөгөө байдаг. Гэсэн ч газраа авчихаад үйлдвэрлэлээ явуулж байгаа компаниудын ард хэн нэгэн эрхтэн дархтан, эсвэл бизнесийн том бүлэглэл байх бөгөөд тэд хуулийн дээгүүр эрээ цээргүй гишгэлж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг үл хайхран өөрсдийн үйл ажиллагаагаа явуулсаар байдаг.

Эдгээрийн нэг жишээ нь тоосгоны үйлдвэрүүд. Хотын хаа сайгүй, гэр хорооллын дунд тоосго, блокны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа ч зарим нэг нь өөрсдийнхөө вант улсыг байгуул, авто зам хаах, иргэдийн орц гарц хаах тохиолдол хэрээс хэтэрч байгааг ганцхан жишээн дээр дуулгая.

СХД-ийн Ханын материал буюу 11 дүгээр хорооны нутагт иргэдийн суурьшлын бүсэд долоон тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн хамгийн том нь “Эрэл” тоосгоны үйлдвэр юм. Баянхошууны Найрамдал орд гэж нэрлэгддэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Эрэл” группын дэргэдэх “Эрэл” тоосгоны үйлдвэр бусад үйлдвэрүүдийг өөрийн эзэмшлийн замаар явуулахгүй гэж шийдвэр гаргаад иргэдийн зорчдог байсан болон бусад үйлдвэрүүдийн зөөвөрлөлт хийдэг байсан замыг цементэн хашаагаар хааж орхижээ.

Энэ асуудлаар СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар 2014 онд хандаж, асуудлаа шийдээгүй бөгөөд түүнийг “Эрэл” группээс шүүхэд өгчээ. Гэтэл шүүхийн шийдвэр “Эрэл” группын талд гарч, өдгөө асуудал энэ намар давж заалдах шатны шүүхэд явж байна.

Хэдийгээр тоосгоны үйлдвэр улс орны бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрийг тодорхой хэмжээгээр оруулж байгаа нь үнэн ч иргэдийн амьдрал, суурьшлын дэргэд ажилласнаараа эрүүл мэндийн нөхөж баршгүй хохирол учрах юм.

НМХГ-ын байцаагч Д.Бат-Өлзий: Тоосгоны үйлдвэрийн дэргэд амьдарч байгаа айлууд хортой нөхцөлд, маш их шороо тоосон дунд амьдарч байна. Болж өгвөл хотоос гаргах шаардлагатай байна гэв.

Уг нь бол тоосгоны үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарчихсан байгаа ч хэзээнээс ажил болж хэрэгжих нь тодорхойгүй, цаасан дээр гарсан шийдвэр хэвээр байсаар байна.