09.14

Ноён уулын нинжа шороонд дарагдан эмнэлэгт хүргэгджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг буюу Зүүнхараагийн ойролцоо алтны нинжа нар Ноён уул руу дайран орж, гар аргаар алт олборлож эхлээд хэдэн сарын нүүрийг үзэж буй. Сүүлийн өдрүүдэд хамгаалалт гаргасан хэсэг рүү нинжа нар дайрсан талаарх мэдээлэл гарч, энэ дагуу өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Уул уурхайн сайд Р.Жигжидээр ахлуулсан ажлын хэсэг тус ордод ажиллажээ. 

Албаны хүмүүсийг тус ордын үйл ажиллагаатай танилцах үеэр Гацууртын орд газарт “нинжа” нар хэдийнэ “эзэн” сууж, харин нөгөө талд Мандал сумын Засаг дарга захирамж гарган “Бүрэнцэнгэл” харуул хамгаалалтын компани, сумын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг гаргаж ордыг хамгаалалтад авсан боловч хүчин мөхөстөж байгаа талаар салбарын сайдад уламжилж байлаа. Зөвхөн энэ сарын 10-аас 11-нд шилжих шөнө 300 гаруй нинжа “Сентерра гоулд” компани лиценз эзэмшдэг Гацууртын орд газарт хууль бусаар нэвтэрчээ. 

Энэ үеэр нэг нинжа шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал сайжирч байгаа ч байсхийгээд ийм тохиолдол гарч байгааг зүүнхараачууд нуусангүй. Гацууртын ордод ердийн өдрүүдэд дунджаар 50-60 нинжа алт ухахаар ирдэг талаар “Бүрэнцэнгэл” компанийн харуул хамгаалалтын менежер Д.Нямдорж хэлж байв. Харин Засгийн газрын хувьд энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг тусыг нь хэдхэн нинжа биш улс орон бүхэлдээ хүртэх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ ч утгаараа Уул уурхайн сайд Р.Жигжид “Эдийн засаг хүндэрсэн ийм үед ашиглахад бэлэн болсон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг Засгийн газар баримталж байгаа. Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголбанкинд жилдээ таван тонн орчим алт тушаагдана гэсэн тооцоо бий. 

Ингэснээр Монголбанк алтаа барьцаалж гадаад улсаас валют татаж улсынхаа эдийн засагт томоохон түлхэц өгнө гэж харж байгаа” гэлээ. Гацууртын орд нь эдийн засгийн үр ашигтай, 50 орчим тонн алтны нөөцтэй. Нийт 303 га талбайд олборлолт явуулахаас 143 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай байна. Энд нэг зүйлийг онцлоход, Гацууртын ордыг ашиглахад химийн хорт бодис ашиглахгүй юм байна. 

Олборлосон хүдрээ авто замаар тээвэрлэж, өмнө нь ашиглаж байсан Бороогийн баяжуулах үйлдвэрт боловсруулах юм. Тус ордын борлуулалтын орлогын 69 хувь, нийт зардлын 81 хувийг Монгол Улсад зарцуулна. Улсын төсөвт нийт татвар хураамж, төлбөр хэлбэрээр 659 тэрбум төгрөг оруулах тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байна гэж нутгийн иргэдэд хэлж байлаа. Хөндлөнгөөс харвал, Гацууртын ордын асуудлыг энэ намар Засгийн газраас дахин УИХ-д гаргаж тавих, үүнд зориулан уул уурхайн сайд тэнд ажиллав бололтой.