09.15

Калифорнийн 52 мянган га талбай галд шатлаа

Хуурайшилт, ган гачиг үргэлжилсээр байгаа АНУ-ын Калифорни мужийн  хойд  хэсгийн нутагт гал  түймэр дэгдэж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Улмаар тус мужийн   захирагч  Жерри Браун Лэйк, Напа гэсэн хоёр тосгонд онц байдал зарлаж буйгаа албан ёсоор мэдээлсэн байна.

Хамгийн  сүүлд авсан мэдээгээр 12 хэсэгт гал түймрийн   аюул нүүрлээд байгаа бөгөөд хамгийн их хохирол дагуулж буй нь мужийн нийслэл Сакраментогоос баруун тийш 160 км, зүүн тийш 160 км-т гарсан хоёр хээрийн түймэр байгаа  аж. Орон   нутгийн онцгой байдлын албанаас мэдээлж   байгаагаар “Бутте” гэж  нэрлэгдсэн хээрийн түймэрт ойролцоогоор 26 мянган  га талбай шатаж, үүний ердөө 20 хувийг нь л одоогоор цурманд оруулаад байгаа юм байна.

Харин “Волей” гэж нэрлэгдэх түймэрт ойролцоогоор 16 мянган га талбай өртөж, гал сөнөөгчид энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн өмнө хүчин мөхөсдөж, одоогоор ямар ч талбайг унтрааж чадахгүй байгаа гэнэ. Волей түймрийн улмаас хамгийн их хохирол амссаад буй газар нь 1300 хүн амтай Миддлтаун хот бөгөөд орон нутгийн мэдээллийн агентлагуудын дамжуулсанаар өнгөрсөн бямба гарагт түймэр тухайн бүсийн 20 га газарт тархсан байсан бол хамгийн сүүлд авсан мэдээгээр  хамрах талбай нь 4000 га хүртлээ огцом нэмэгдсэн байна.

Тухайн газарт 1000 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа ч, дорвитой үр дүн гаралгүй гал түймэр өргөн талбайг хамран тархсаар байгаа нь онц байдал зарлах хэмжээнд хүргэжээ. Үүний улмаас дөрвөн гал сөнөөгч шархдаж, 5000 мянга орчим айл өрх, цахилгаангүй болсон байна. Мөн өмнөд этгээдийн Калистогагаас  дарсны эх орон гэгддэг Напа тосгон хүртэлх нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зааварчилгааг энэ сарын 12-ны өдөр мужийн удирдлагууд  гаргаж,  түүнээс хойш  Онцгой  байдлын ав­рагчид ойролцоогоор 13 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан байна.

Энэ сарын 9-нд гарсан бутте гэх түймрийг унтраахаар 4000 гаруй гал сөнөөгчид Сиерра Невадагийн уулархаг  бүсэд ажиллаж байгаа гэнэ. Мужийн захирагч Жерри Браун Калифорни мужид онц байдал зарлаж, гамшгийн бүсэд ажиллах гал сөнөөгчийн тоог нэмэгдүүлэхийг албаны хүмүүст үүрэгдсэн байна.Оршин суугчдын мэдээлснээр “Гал түймрийн улмаас 500 гаруй байшин шатаж, дахин ашиглах боломжгүй болсон” гэв. 

Түймэрт орон гэрээ алдсан хүмүүс  Улаан Загалмайн ний­гэмлэгийн  түр хамгаалах байранд толгой хоргодож буй бөгөөд түймрийг унтрааж чадахгүй бол 6000 гаруй бай­шин барилга галд шатаж үгүй  болох эрсдэлтэй тулгараад байгаа аж. Америкийн ихэнх мужид  энэ зун хур   бороо бага орсны улмаас ган гачигтай байгаа юм. Улмаар ган гачигт нэрвэгдсэнээс үүдэлтэй түй­мэрт өнгөрсөн долдугаар сараас хойш өнөөг хүртэл Калифорнийн нийт 52 мянган га газар өртөөд байна. Албаны хүмүүсийн  мэдээлж     байгаагаар зөвхөн долдугаар сард л гэхэд гал түймрийг унтраах ажилд 212 сая ам.доллар зарцуулагдаж байжээ.

Б.ДАВААХҮҮ