09.15

Дүрвэгсдийг тээвэрлэж явсан завь хөмөрчээ

Грекийн хойгийн Эгейн тэнгист дүрвэгсдийг тээвэрлэж явсан модон завь хүчтэй салхины улмаас хөмөрч, 34 хүн нас баржээ. Нас барагсдын дөрөв нь нярай хүүхэд, 11 нь бага насны хүүхэд байсан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хохирогчдын наймынх нь цогцсыг эргийн хамгаалалтын албаны шумбагчид онгоцны ачааны хэсгээс олсон байна. Харин азаар 68 дүрвэгч ямар нэг бэртэл гэмтэлгүйгээр аврагдаж чаджээ.

Гэхдээ тус модон завинд яг хэчнээн хүн суусан байсан нь тодорхойгүй байгаа юм. Афины ANA агентлагын дамжуулж байгаагаар бол завинд тогтоосон тооноос илүү хүн шавааралдаж суусан байсан нь завь хүчтэй салхилах үед амархан хөмрөхөд нөлөөлсөн гэв. Иргэний дайны хөлөөс зугтаж, амар тайван амьдрал эрж, Грекийг зорих дүрвэгсэд Эгейн тэнгист осолдсон тохиолдол сүүлийн үед хэд хэдэн удаа гарчээ.

Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт Грекийн Самос арлын эрэгт дүрвэгсдийг тээвэрлэж явсан завь хөмөрч, дөрвөн хүүхэд ор сураггүй болсон байна. Одоогоор тус улсын эргийн хамгаалалтын албаныхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.