09.16

Долоо хоногийн дотор 90 тонн самар хураагаад байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийтэй ярилцлаа. 

-Самар түүх албан ёсны зөвшөөрлийг ирэх сарын 15-наас олгохоор болсон. Зөвшөөрөгдөөгүй хугацаанд самар түүж, худалдаалж байгаа хумүүст ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

-Албан ёсны зөвшөөрлийн хугацаа нь аравдугаар сарын 15-аас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нийслэлийн ногоон бүсийг хариуцан ажилладаг. Мөн орон нутгаас нийслэл рүү зөвшөөрөлгүй оруулж байгаад хяналт тавьдаг. Нийслэлийн ногоон бүсэд хийсэн шалгалтаар иргэд самар түүж байгаа нь илэрсэн. Гурван удаагийн шөнийн шалгалт зохион байгууллаа. Бид шалгалт хийх хугацаандаа иргэдийн хууль бусаар түүсэн самрыг хурааж авах үүрэгтэй. Их хэмжээгээр түүж байгаль орчинд хохирол учруулсан, шаардлага биелүүлээгүй зэрэг тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох арга хэмжээ авч байгаа. Түүнчлэн тухайн орон нутгийн байгаль хамгаалагч хариуцсан газраа 24 цагаар хамгаалдаг. Иймээс иргэдийг ой руу оруулж, самар түүлгэхгүй байх ёстой. Тэд ч торгууль, хураамж авах эрхтэй. 

-Ойрын хугацаанд илэрсэн зөрчил байгаа юу. Одоогийн байдлаар энэ тал дээр ямар шалгалт хийж байна вэ? 

-Орон нутгаас самрыг их хэмжээгээр бэлтгээд нийслэл рүү оруулахыг завдсан этгээдийг шалгаж байна. 90 гаруй тонн самар оруулж ирэх гэж байхад нь илрүүлсэн. Үүнийг нь битүүмжилж, хураагаад улсын Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Байгаль орчин болоод улсад хэр хэмжээний хохирол учруулсныг нь тогтооно. Үүний дараа эрүүгийн хэрэг үүсэх үү, эсвэл хураагаад захиргааны хариуцлага тооцох уу гэдгийг шийддэг. Хэдий хугацаанд шалгалт хийж байна вэ? -Энэ сарын 8-14-нд шалгалт хийхэд л 90 тонн самар хураалаа.

-Уржигдар шөнө 30 тн самар хураасан гэсэн. Хаанаас оруулж ирэхээр завдсан бэ. Нийслэлийн ногоон бүсээс бэлтгэсэн байв уу? 

-Нийслэлийн ногоон бүсэд самар ховор. Уржигдрын 30 тн самрыг Сэлэнгэ аймагт бэлтгээд нийслэл рүү оруулахыг завдсан байсан. Тухайн оруулж ирсэн компани нь ийм мэдээлэл өгсөн. Зөвшөөрөл өгдөг хугацаа биш учраас хаанаас, ямар байдлаар бэлтгэсэн нь тодорхойгүй байгаа. Оруулж ирсэн компани нь байгалийн нөөц ашиглах тусгай зөвшөөрөлтэй байсан ч хугацаа нь болоогүй учраас зөвшөөрөл үйлчлэхгүй. Хураасан бүх самрыг орон нутгаас нийслэл рүү оруулж ирж буйг тогтоосон. Мөн иргэд бага хэмжээгээр зөөж зарж байгаа тохиолдлууд бий. Хэзээ, яаж орж ирсэн гээд шалгаад явахаар гар дээрээс худалдаж аваад тэрийгээ зарж байна гэсэн асуудал тоочдог. Ингээд түүсэн хүн нь буруутай гэх юм ярьдаг. Түүсэн, борлуулсан аль аль нь бурууддаг. 

-Энэ жил улсын хэмжээнд самрын гарц ямар байна вэ. Аль аймгаас ихэвчлэн оруулж ирж байна? 

-Сэлэнгэ, Архангай, Булган, Хэнтий зэрэг аймгаас ихэвчлэн оруулж ирдэг. Шалгагдаж байгаа хүмүүсээс харахад энэ жил самрын гарц сайн байна. -Тухайн орон нутгийн байгаль, орчны байцаагч,мэргэжлийн хяналтын байцаагч нартай та бүхэн хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? -Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгдсэн удирдамжаар байцаагч нарт эрх олгодог. Өөрөөр хэлбэл ижил хугацаанд, адил эрхтэйгээр шалгалт хийдэг. Байгаль хамгаалагч нарт бид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавьдаг. Удирдах албан тушаалтан, төв байгууллагууд руу нь чиглэл өгдөг. 

-Нийслэлийн гудамжинд шилэн аягаар самрыг худалдаалж байгаа иргэдэд та бүхэн хяналт тавьдаг уу. Зөвшөөрлийн хугацаа нь болоогүй байхад их, бага хэмжээгээр зарж байгаа тул торгууль ногдуулдаг байх? 

-Гар дээрээс самар худалдаалж байгаа хүмүүст манай байгууллагаас тодорхой хэмжээнд хяналт тавьдаг. Заавал самар, жимс гэлтгүй гар дээрээс худалдаа хийхийг хориглосон байдаг. Үүн дээр эргүүлийн цагдаа нар шаардлага тавьж болиулах үүрэгтэй. Хэдий хэмжээний самрыг хаанаас, яаж авсан гэдэгт манайхан шалгалт хийдэг. Нэг хүнд 5-10 кг самар байх тохиолдол бий. Хурааж авах гэхээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Үүнийг сэрэмжлүүлэх, иргэдэд нийлүүлж байгаа хүмүүсийг хориглох зэргээр арга хэмжээ авахгүй бол олон дамжлага дамжсан байдаг. Амьдралын боломжгүй хүмүүс самрыг гар дээрээс зарж байдаг. Тэдний амьдрал хэцүү учраас бүгдийг нь хураахад хүндрэлтэй. Хуулийн дагуу 5 кг самар зарж байгаа хүн 960 мянган төгрөгөөр торгуулах учиртай. Ийм торгуулийг тэр хүн өгч чадахгүй. Тиймээс бид анхааруулаад, самрыг нь хураагаад явж байгаа. Энэ жилээс манай байгууллага зөвлөн туслах үйлчилгээнд чиглэж ажиллаж байгаа учраас анхааруулж, зөвлөөд явж байна. 

-Гар дээрээс багахан самар зарах, тонноор нь зарах ялгаатай шүү дээ? 

-Хэмжээ хамаардаггүй нэг л хэмжээний торгуультай. Байгаль орчны нөөцийг хууль бусаар тээвэрлээд тэр нь эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол 960 мянгаар торгоно. Тухайн бүтээгдэхүүнийг буцааж хураана. Энэ нь бэлтгэсэн, нийлүүлсэн, худалдсан бүгд адилхан торгууль, хариуцлага үүрнэ. 

-Хувь хүн хэдэн кг самар түүх боломжтой байдаг вэ? 

-Хувь хүн хуулийнхаа хугацаанд 25 хүртэл кг-ыг зөвшөөрлийн дагуу түүх боломжтой. Тэрнээс өмнө ямар нэгэн байдлаар түүж болохгүй. Байгаль хамгаалагчийн зөвшөөрөл байсан ч хэрэгсэхгүй. Хэрэв 25 кг-аас илүү бэлтгэвэл илүүг нь хурааж аваад 960 мянган төгрөгөөр торгоно. Хуучин хууль харьцангуй сул байсан. Байгаль орчны багц хууль шинэчлэгдснээр торгууль нь өндөрсөөд хатуу болсон. 

-Нийт самарныхаа нөөцийн 40 хувийг түүж хэрэглэх ёстой юм байна лээ. Үүнийг хэр биелүүлж байна вэ, байх ёстой хэмжээнээс хэтрүүлээд байх шиг?

-40 хувь гэдэг албан ёсны норм. Зөвшөөрлийг үүний дагуу өгдөг. Үүнээс хэтэрнэ гэдэг нь иргэдийн хууль бус ажиллагаанаас үүдэлтэй. Үүнтэй л бид тэмцэж байна. 

Э.ТӨВЧИМЭГ