09.16

Лалын хэт даврагчид дурласан 15 настай охин төрсөн эхээ хөнөөжээ

“Лалын улс” бүлэглэлийн гишүүнд дурлаж, улмаар түүнтэйгээ нийлэн эхийгээ олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг Дани улсад гарчээ. 

Энэ жил 15 настай Лиза Борк охинд ойрхи дорнодын эрчүүд ихэд таалагддаг байжээ. Тиймээс тэрбээр анхны амрагаараа ойрхи дорнодын нэгэн эрийг сонгож, лалын шашин судалж эхэлсэн аж. Гэвч тэр эр охиныг хаяж, Швед рүү, эхнэр хүүхэд рүүгээ явчихжээ. 

Ингэлээ гээд Лиза хаширсангүй, дахин ойрхи дорнодын амраг олж авахаар ойролцоох дүрвэгсдийн хуаранд сайн дурын ажилтнаар ажиллах болсон байна. Ингээд 29 настай ирак эр Мохаммед Абдуллаг олж авсан байна. Абдулла охинтой танилцсаныхаа дараа “Лалын улс” бүлэглэлийн дэмжигч гэдгээ хэлж, Сири рүү хамтдаа явж гишүүнээр элсэе хэмээн ятгах болжээ. 

Охин яваандаа түүний үгийг зөвшөөртөл ихрийн өрөөсөн болох эгч, ээж хоёр нь эсэргүүцсэн байна. Ингээд тэр нэгэн өдөр охин ирак залуутайгаа хамт гэртээ ирж, ээжтэйгээ уулзуулан Сири рүү явуулахыг гуйсан байна. Ээж нь мэдээж зөвшөөрсөнгүй. Гэтэл охин ээжийнхээ үгэнд орохын оронд найз залуутайгаа нийлэн эхийгээ хөнөөжээ. 

Тэгээд цагдаа руу утасдаж, “”Ээж гал зуухны өрөөнд чанга хашгирахаар нь нь очтол олон удаа хутгалуулсан байсан. Цонхоор нэг цагаан арьстай хүн гарч зугтсан” хэмээн дуудлага өгчээ.

Цагдаа нарыг очиход тэрбээр зочны өрөөний буйдан дээр ухаалаг гар утсаараа оролдон сууж байсан бөгөөд хохирогч хаана байгааг асуухад гал зуухныхаа өрөө рүү гараараа дохичихоод утсаараа үргэлжлүүлэн оролдсон гэж хэргийн газар очсон цагдаа нарын нэг ярьжээ.  Тэд хөөрхий хохирогчийг 20 гаруй удаа хутгалсан нь сүүлд хийсэн үзлэгээр тогтоогдсон байна. 

Х.Сайхан