Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны /МХҮХ/ дэргэд Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төв 2005 оноос эхлэн ажиллаж байсан. Тэгвэл энэ жил тус төвийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болгон өргөтгөж, хараагүй иргэдийг таван төрлийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг явуулахаар болжээ. Нэг жилийн хугацаанд 63 хараагүй иргэнд бариа засал, эсгий гар урлал, хөгжим, дууны найруулагчийн мэргэжил эзэмшүүлнэ гэж МХҮХ-оос төлөвлөөд байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт нөхөн сэргээх, бариа заслын сургалтыг 250 хүнд явуулж, 80 хувийг нь ажлын байраар хангажээ. Хөдөлмөрийн яамнаас МСҮТ-ийн сургалтын хувьсах зардлыг бүрэн дааж байгаа. Иймээс 18-55 насны хараагүй иргэдэд ямар нэгэн төлбөр авахгүйгээр мэргэжил олгоно. Дээрээс нь орон нутгаас МСҮТ-д суралцахаар ирсэн иргэдийг оюутны дотуур байраар үнэ төлбөргүй хангах юм байна.
Нэг жилд есөн ангид 63 оюутан элсүүлэн сургана. Одоогоор суралцагсдын бүртгэл 90 хувьтай байна. МСҮТ-д суралцах хүсэлтэй хараагүй иргэд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд хандахыг зөвлөж байна.