АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болсон ДАШТ-ээс чөлөөтийнхөн нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. МЧБХ-ны зүгээс дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгийг алд цэнхэр хадаг нэг кг алт, мөнгөн аягаар шагнасан юм.
Тэрбээр “Lasvegas 2015 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртлээ энэ амжилтыг гаргахад тусалсан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Чөлөөт бөхийн холбоо болон удирдлагууд, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Хишиг арвин индустрал” ХХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олондоо үргэлж тусалж дэмждэгт маш их баярлалаа. Шигшээ багийн хамт олон бэлтгэл хангагчид найзууд бөхийн эрдмээ зааж буй шигшээ багийн дөрвөн багш дасгалжуулагч нартаа гүн талархал илэрхийлэн цаашдаа хичээх болно гэдгээ хэлье. Бөхийн спортод хөл тавиулсан Д.Дондов багшдаа баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн байна.
Н.АЗ