Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаад буй төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал удаа дараа хойшилж, улмаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг өнөөдөр 14.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болсон.
Прокурорын газраас Г.Маралмаад дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсгээр буруутгасан байна.
Мөн Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгээр ялын дүгнэлт үйлджээ.