09.17

Сурагчид хомоол түүж малчдад өгнө

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хомоол түүж нутгийн малчиддаа өгдөг аж. Энэ жилийн хувьд сурагч тус бүр нэг шуудай хомоол түүж сумын засаг дарга нарт хүлээлгэн өгч, түүнийг багийн засаг дарга нар нь хувиарлан малчиддаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Өнгөрсөн жилийн намар сурагчид 1800 гаруй шуудай хомоол түүж бэлтгэсэн бөгөөд өвөл өнтэй сайхан болсон тул үүний тавь гаруй хувийг нь л малчид ашиглажээ. Үлдэгдэл хомоолыг тэжээлийн агуулахад хадгалж нөөцөлсөн байна. Хомоол чанар алдагдана гэсэн зүйлгүй учраас өнгөрсөн жилийн үлдэгдэл дээр энэ жилийн бэлтгэх хомоолыг нэмж малчиддаа хүргэнэ гэж сумын Засаг дарга М.Баянсан хэллээ.

Тус сумын малчид жилд 350 орчим тонн гар тэжээл жилд бэлддэг бөгөөд үүн дээр сурагчдын түүж бэлтгэн өгсөн халтар хомоол хүн бүл цөөтэй малчдын хувьд ихээхэн нэмэр болдог байна.