09.18

Улсын нэгдүгээр төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг бол Монгол Улсын эрүүл мэндийн ууган бай­гууллага. Тиймээс тус эмнэл­­гийг Ерөнхийлөгчийн зар­лигаар Сүхбаатарын одон­гоор шагналаа. Улсын кли­никийн нэгдүгээр эмнэлэг нь 1925 онд “Ардын эмнэлэг” нэртэйгээр 15 ортой, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажил­лагаагаа явуулж эхэл­сэн байна.

Чехословакийн зээ­лийн хөрөнгөөр баригдсан 240 ортой эмнэлгийн  төв  байр    ашиглалтад орсонтой хол­­­бог­дуулан, Нэгдсэн I эм­нэл­гийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын клиникийн төв эм­нэлэг болгосон байдаг. Тэг­вэл өчигдөр тус эмнэлэг 90 жи­лийн ойтойгоо золгож, ойн баярын хурлаа өчигдөр  Соёлын төв өргөөнд хийлээ. Баярын хуралд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дарга П.Цагаан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын  Нэгдүгээр  Төв  эмнэлгийн Ерөнхий захи­рал Б.Бямбадорж тэргүүтэй хүндэт зочид, тус эмнэлгийн өнөөгийн болон үе үеийн удирд­лага, ажилтнууд хүрэл­цэн ирсэн юм. 

Энэхүү хурлыг нээж Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захи­рал Б.Бямбадорж үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн зар­лигаар тус эмнэлгийг Сүх­баатарын одонгоор шагнасныг Ерөн­хийлөгчийн Тамгын газ­­рын дарга П.Цагаан гар­дуул­лаа. Ерөн­хийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наа­дам, Улсын Нэг­дүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойг тус тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг хам­гаа­лах, нө­хөн сэргээх, эмнэл­гийн үйл­­чил­­гээний чанарыг сайж­руулах, сургалт-судалгааг хос­­луулан хөгжүүлэх үйлсэд  мэр­гэжил, ур чадвараа зо­риу­лан хөдөлмөрлөсөн тус бай­гууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүт­гэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын эрүүл мэндийн ууган байгууллага-Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” хэмээ­жээ.  

Мөн энэ  үеэр УИХ-ын дарга  З.Энхболд тус эмнэлгийн ажил­­тан албан хаагчдад бая­рын илгээлт хүргүүлсэн юм. Тэрбээр, “Улсын нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлээгүй өрх гэр, нэгдүгээр эмнэлэг гэдэг нэрийг мэдэхгүй монгол хүн байхгүй болохоор Эрүүл мэндийн салбарын тулгыг тулж, тооныг өргөн, түүхийг би­­­­чилцсэн Улсын нэгдүгээр төв эм­нэл­гийн  90 жилийн ой зөвхөн эмнэлгийн хамт олны төдийгүй монголын ард түмэн, эрүүл мэндийн салбарын хамт олны баяр болж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нутаг­шуулах томоохон төслийг ам­жилттай хэрэгжүүлж, эмч, мэргэжилтнүүд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад су­рал­цаж нарийн мэргэжил эзэмшин,  шаардлагатай лабора­торийн болон бусад тоног, төхөө­рөм­жүүдийг суурилуулж, эрх­тэн шилжүүлэн суулгах эмчил­гээний технологийг нэвт­рүүлс­нээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 104 удаа. Элэг шил­жүүлэн суулгах  мэс заслыг 20 удаа, ясны чөмөг, үүдэл эс шил­жүүлэн суулгах мэс заслыг хоёр удаа, үе шилжүүлэн суулгах мэс заслыг 1188 удаа амжилттай хийж, дэлхийн өндөр техно­логийг өөрийн орны эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн сал­бартаа анхдагч, манлайлагч нь болсон.  

Эмнэлгийн яарал­тай тусламжийн иж бүрэн үйл­чилгээг үзүүлж, “Гемо­диа­лизын орчин үеийн стандарт-менежмент”-ийг нэвтрүүлэх, Евро стандартыг хангасан эм­­нэлгийн  ариутгалын ва­кум өрөө, чиглэсэн урсгал бүхий орчин үеийн тоног тө­хө­ө­рөмжөөр хангагдсан Ариутгалын тасгийн цогц ши­­нэчлэлийг хийх, Эмнэл­зүйн эмгэг судлалын нэгд­сэн ла­бо­ратор байгуулж лабора­то­рийн тусламж үйлчилгээг 24 цагийн турш иргэдэд хүргэдэг тогтолцоог бүрдүүлэх, Хэв­лийн хөндийн хагалгаанд ду­рангийн шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэг­жүүлж чадсан нь Танай хамт олны оюуны болон мэр­гэжлийн өндөр чадавхийн илэр­хийлэл болж байна” хэмээн онцолсон байлаа. 

Ийнхүү нийт иргэдийн эрүүл мэндийн манаанд тасралтгүй 90 жил зогссон нэгдүгээр эмнэлгийн хамт олон ойгоо амжилт бүтээлээр дүүрэн уг­таж, Сүхбаатарын одонгоор шагнагдлаа. 

Э.Зул