Хятадын зохион бүтээгч Чен Гон таван минутын дотор толгой угаадаг автомат машин бүтээсэн байна. Тэрбээр Сычуань мужийн Лэшан хотод амьдардаг 38 настай “нэрд гараагүй” зохион бүтээгч юм. Гэвч түүний оролдлогын дүнд хэзээ ч урьд нь хийгдэж байгаагүй автомат толгой угаагч машин бүтээгдэж, Хятад даяар олонд хүрчээ.
Чен Гон эл бүтээлээ хийж дуусгаад зохиогчийн эрхийн үнэмлэх авсан бөгөөд хэрэв ямар нэгэн фирм түүний бүтээлийг сонирхвол боломжийн үнээр худалдах хүсэлтэй байгаагаа Business Daily Chengdu сонинд ярьжээ.
“Хүмүүс өнөөдрийг хүртэл автомат толгой угаагчийн тухай бодож үзээгүй нь сонин. Би энэ бүтээлээ 16 наснаас хойш бодож, 18 өөр төрлийн дуулгатай зохион бүтээсэн. Одоо энэ автомат машин зөвхөн толгой угаахаас гадна үс тосолж, массаж хийхийн сацуу хатаах үйлчилгээ үзүүлнэ. Би мотоциклийн дуулганаас санаа авч, түүний дотор хоёр ч жижиг мотор байрлуулан хийсэн. Цэвэр ус татах, угаагч машин ажиллах тусгай сувагтай” гэж Чен Гон өөрийн бүтээлээ танилцуулжээ.
Н.Буянжаргал