Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба харъяа байгууллагын дарга нартай үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хоёр сарын дараа “Гэмтэл Согог Судлалын Алба” үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа хамт олны ололт амжилт бүхнийг бүхэлд нь үгүйсгэн сүүлээсээ 2-р байрт оруулсан нь тус төвийн захирлын дургүйцэл бухимдлыг дээд цэгт хүргэж доорхи шийдвэрийг гаргахад хүргэжээ.
З.Мэндсайхан захирал өргөдөлдөө “Эрүүл мэндийн салбарын бодлого ноцтой алдагдаж байгаа тул цаашид тэвчих аргагүй боллоо...” тийм учраас намайг чөлөөлж өгнө үү гэж дурьдсан байсан.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба анх харъяа байгууллагын дарга нарт хандаж “Өнөөдрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүнд, салбарт тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч нөгөө талаар ард иргэдийн дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн салбарт суурь шинэчлэлт хийх” зэрэг ажлууд хүлээлт их байгаа гэж өгүүлж байсан.
Тиймээс энэ эгзэгтэй цаг үед халаа сэлгээ улс төржилтөөр биш, харин хамтарч ажиллаж асуудлыг давж туулья гэсэн юм. Тэрээр эрүүл мэндийн салбарт улс төржилт халаа сэлгээ байх ёсгүй. Тасралгүй чанартай явагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариуцлагыг та бүхнээс хүлээж байна гэдгийг ч бас энэ үеэр анхааруулсан юм.
Харин энэ шийдвэрийн талаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгээс тодруулахад “Бид үүнийг үр дүнгийн гэрээний үнэлгээ нь дутагдалтай гарсантай холбоотой гэж ойлгож байна. Бид энэ талаар эмнэлгийнхээ даргаас тодруулна” гэжээ.
Өнөөдөр тус яаманд төгс үр дүнгийн гэрээний цогц шалгуур байхгүй. Шалгуур үзүүлэлт нь хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг шууд илтгэх шинжлэх ухааны үндэслэлттэй нотолгоо биш, харин үр дүнгийн гэрээний дүгнэлтийг сайд нь өөрийн хүсэлдээ нийцүүлж бусад дарга нарын хүсэлд нь нийцүүлэн дүгнэх хэрэгслэл болгон хувиргаж байгаад төрийн албаны тогтолцоонд бий болсон том гажуудал юм. Мэдээж аль эртнээс л тус төвийн даргыг тус яамныхан оролдож, элдэв дарамт шахалт үзүүлж ирсэн. Тус төвийн захиралд захирал асан С.Отгонгэрэл, гэмтэл согогийн эмч С.Сүхбат нарын нэр хүчтэй яригдсан тухай ам яриа гарч эхэллээ. Хэнийг томилох нь сайдын асуудал, хэнийг хүлээж авах нь хамт олны асуудал болон үлдлээ.
Засаг солигдох бүрт тус яам МАХН-д тунан үлдэж мэргэжлийн сайд нь хүртэл Эрүүл мэндийн салбарыг туйлдуулан огцорч байсан. Г.Шийлэгдамба сайдын сэнтийд заларсан цагаасаа төрийн албыг хамаатан садан, найз нөхдөө шургуулан баг байгуулж, эмнэлгийн даргын суудлыг амалж, амалсан амлалтдаа хүрэх зорилгоор Гэмтлийн эмнэлгийн даргаар оролдож ээлжит улс төрийн томилгоо хийхээр бэлдэж байна.
55 жилийн ойн бэлтгэл ажлаа хийж байсан, Франц-Монголын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд явдагдаж байгаа сургалт, тоног төхөөрөмийн шинэчлэл, үйл ажиллагааны өвөлжилтийн бэлтгэл гээд тус төвийн хамт олонд төлөвлөгдсөн, тулгамдсан ажлууд их байгаа энэ нөхцөлд ерөнхий захирлын асуудлыг дахин шинэ хүнээр томилох нь хир оновчтой вэ.
500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүдтэй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нүсэр их ажилтай эмнэлгийн бүтэн жилийн ажлыг 67 хувиар дүгнэж муу дүн тавьж байгаа нь хамт олны хийсэн ажлуудыг салбарын сайд нь үгүйсгэж байгаад сэтгэл дундуур байна.