“Улс төрийн тойм” сонины есдүгээр сарын 03-ны дугаарт “Ш.Сарангуй: Хүүг минь дайрсан жолоочийг 10 мянгаар торгоод хэргийг нь хаачихсан” гэсэн гарчигтай ярилцлага гарсан юм. Хүний аминд хүрсэн жолоочийг торгоод явууллаа хэмээн цагдаагийн байгууллагыг шүүмжилж нөгөө талаар олон нийтийн дургүйцлийг ихээр хүргээд байсан юм.
Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Уг ярилцлагад дурдагдсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан “Соната” маркийн автомашины жолооч Х-ийн гаргасан авто осол нь иргэн Ж-гийн амь нас хохироход нөлөөлөөгүй тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, уг хэрэгт Б гэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл Бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэгт сэжиглэн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна” гэлээ.