09.22

Меккад 1.3 сая мөргөлч хүрэлцэн иржээ

Саудын Араб Улс исламын шашинтнуудын жил бүр үйлддэг хаж ёслолд оролцох мөргөлчдийг хүлээн авч дууссанаа мэдэгджээ. Уг ёслолд оролцохоор ирсэн хүний тоо 1.3 саяд хүрснийг тус улсын Паспортын хяналтын албаны дарга мэдээлсэн байна. Тэрбээр мөргөлчдийн 49 мянга нь газрын болон усан тээврийн хэрэгсэл ашиглаж, бусад нь нисэх онгоцоор хүрэлцэн ирснийг өгүүлсэн аж. Хаж ёслолын үеэр улс төрийн ямар нэгэн сурталчилгаа хийхийг хориглодог. Өмнө нь Мекка хотын гол сүмийн дээрээс барилгын кран унаснаас 107 хүн амь насаа алдаж, 230 гаруй хүн бэртсэн билээ. Исламын шашны номлолын дагуу үнэн сүсэгтэн амьдралдаа ядаж нэг удаа Мекка, Медина дахь ариун газруудад очиж, хаж ёслолд оролцох ёстой гэнэ. Хаж ёслолын дараа Курбан-байрам баярыг тэмдэглэдэг ба энэ онд тус ёслол энэ сарын 23-ны өдөр тохиож буй юм.