09.24

Хубилай хааны бүрээн дуудлага найман зууны дараа эгшиглэлээ

Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ойд зориулан 280 хүний бүрэлдэхүүнтэй Монгол төрийн их найрал эгшиглэж, суут хааддаа өчигдөр хүндэтгэл үзүүллээ. Нийслэлийн Төв талбайд болсон хүндэтгэлийн тоглолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын “Хубилай хааны ордны их бүрээний дуудлага” аялгуугаар эхэлж, Монголын хөгжмийн зохиолчдын үндэсний бүтээлүүдээр үргэлжилсэн юм. Монголын эзэнт гүрнийг байгуулсан их хаад бусад байлдан дагуулагчийн адил газар нутгаа тэлэх, улс гүрнээ баян болгох гэсэн эдийн засгийн шинж чанартай нэгэн үзүүрт бодлогыг хэрэгжүүлэгчид байсангүй. 

Эзэн Чингис хааныг залгамжилсан алтан ургийн хаад эзэлсэн улс үндэстнүүдийнхээ урлаг, шүтлэг, хэл, бичгийг хүндэтгэн өрнө дорныг холбосон соёлын том гүүрийг байгуулсан юм. Мөн захиргаандаа багтаасан үндэстнүүдийн сор болсон соёлын өвийг уугуул нутагтаа түгээн дэлгэрүүлж байжээ. Үүний бодит жишээ бол Хубилай хааны зарлигаар байгуулсан Юань гүрний төрийн их найрал хөгжим юм. Хубилай хааныг төр барьж байхад их найрал хөгжим 500 хүний бүрэлдэхүүнтэй байсан ба Монголын эзэнт гүрний сүр хүчний илрэл болж байжээ. Өдгөө Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулгын уран бүтээлчдээс бүрдсэн 280 хүний бүрэлдэхүүнтэй Монгол төрийн их найрал хөгжмийг сэргээн, төрийн баяр ёслолын үеэр эгшиглүүлж байхаар болсон байна.