Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд бага ангид элсэн суралцаж буй сурагчид өөрөөсөө том цүнх үүрч, энэ нь цаашлаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгаа тухай эцэг, эхчүүд гомдоллох нь бий. Тэгвэл хүүхдийн цүнх болон суух сандал, ширээний стандарт ямар байх ёстой талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч О.Алтантуулаас тодрууллаа.
-Манай улсад ЕБС-ийн сурагчдын цүнхний стандарт гэж байдаг уу. Энэ талаар тодруулаач?
-Одоогоор цүнхний хувьд мөрдөх стандарт гэж байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хичээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэргийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэтрүүлдэг буруу жишиг байдаг юм.
-Цүнхний жинг хэтрүүлсэнээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?
-Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт, хүнд цүнх авч явахад тээртэй. Хоёрдугаарт, өсөлт, нурууны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс бид эцэг, эхчүүддээ хүүхэддээ цүнх авахдаа аль болох хөнгөнийг нь сонгох хэрэгтэй. Дахин хэлэхэд, хүүхдийнхээ цүнхийг байнга шалгаж, хэвшүүлээч ээ гэж хүсэх байна.
-Ширээ сандлын стандартын хувьд?
-Ширээ сандлын хувьд Монголд мөрдөгдөж буй стандарт гэж бий. Биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм. Тухайлбал, нэг мерт өндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангиллаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагчдын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан. Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм. Тиймээс энэ стандартад нийцсэн ширээ сандлыг хэрэглэх зааврыг сургуулиудад өгч ажиллаж байна.
-Стандартыг хэрэгжүүлэх тал дээр хүндрэлтэй асуудал гарч байна уу?
-Манай улс саяхан гурван сая дахь иргэнээ угтан авсан. Гэтэл хүн амын маань 30 хувийг 6-17 насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүүхдүүдийн сурч буй орчин нь ерөнхий боловсролын сургууль. Харин сургууль анги танхим дээр ширээ, сандлын стандарт хамгийн их зөрчигдөж байдаг. Манай ихэнх сургуулиуд бага анги, дунд ангиудыг хоёр ээлж болгочихдог. Нас нь ойролцоо ангиудыг хоёр ээлж болгохгүйгээр гуравдугаар ангийг аравдугаар ангитай ч юм уу хоёр ээлж болгочихдог нийтлэг зөрчил ажиглагддаг.
Гэтэл тухайн ангид нэг стандартын ширээ байдаг. Бага ангийн хүүхдүүдийнх нь хөл нь газар хүрэхгүй, ахлах ангийн сурагчид нь хөлөө нугалж суух гэх мэтээр өөрт ядаргаатай байдлаар сурч байх жишээний. Үүнээс үүдээд хүүхдүүдийн бие галбирын хөгжил алдагдах, хараа муудах, цаашлаад дотоод эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй. Ямартай ч, энэ асуудлыг зохицуул гэсэн шаардлагыг Ерөнхий боловсролын сургуулиудад Мэргэжлийн хяналтын газраас тавьж байгаа.
-Манай улсын хувьд стандартыг мөрдөж буй сургууль хичнээн байгаа бол?
-Зарим сургуулиуд өндөрсгөж, намсгах боломжтой тохируулдаг ширээ сандлыг хэрэглэж эхэлсэн. Жишээ нь, бага ангийн хүүхэд суухдаа намсгаж, харин том ангийн сурагч суухдаа өндөрсгөх гэх маягаар тохируулдаг ширээ сандлыг хэрэглэх болсон. Ерөнхийдөө ширээ сандлын стандарт Улаанбаатарын сургуулиудын хэмжээнд ярихад харьцангуй муу мөрдөгдөж байна.
Б.Даваа