Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд мэс заслын хутга дор хурдхан шиг хэвтэж, хөөрхөн болохыг хүсэх болжээ. Гэвч гоо сайхны мэс заслаар гоёгчдын цөөнгүй хэсэг нь түүнийхээ золиос болж үлддэг нь харамсалтай. Тэр тусмаа ам дамжсан яриа, хямд үнийг бодож мэргэжлийн бус зөвшөөрөлгүй газарт хагалгаа хийлгэснээс болж гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирч байна. Хамгийн ойрын жишээ л гэхэд, саяхан нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид, бүсгүйчүүддээ хэрхэн гоо сайхны мэс заслын золиос болсон талаараа сэрэмжүүлэг хүргэсэн билээ. Тэрбээр “Би нэг жил дөрвөн сарын өмнө нүүрэндээ алтан утас хийлгэсэн. Ямар ч үрчлээгүй, хөгширдөггүй гэх мэдээллийг уншаад энэ төрлийн гоо сайхны мэс засал хийлгэсэн олны танил эмэгтэйд хандсан юм. Тэр ч миний сонссон мэдээллийг баталж, нүд бүлтийнэ, хамар өндөр болно. Мөн уруул дөрвөн талаасаа татагдаж томорно. Хамгийн гол нь дух наашаа товойж, үрчийхгүй гэж хэлсэн. Ингээд би түүнтэй хамт нэгэн эмнэлэгт очиж, 8500 ам.доллараар алтан утас хийлгэсэн юм. Гэтэл удалгүй нүүрний арьс энд тэндээсээ товойж, нүүрний мэдрэл гэмтсэнээс гадна уруул далийж, саажилт өгөөд байна” хэмээн бичсэн нь нийгэмд шуугиан тариад буй.
“Алтан зүү” эмнэлэг эзэнгүй угтав
Бидэнд олдсон мэдээллээр хохирогч эмэгтэй “Алтан зүү” эмнэлэгт гоо сайхны мэс засал хийлгэжээ. Иймээс манай сурвалжлах баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус эмнэлгийг зорьсон юм. Харамсалтай нь, “Алтан зүү” эмнэлгийг хаалга цоожтой, эзэнгүй угтав. Ойр хавийнх нь иргэдийн ярьж буйгаар гаднаа эл эмнэлэг “Дорно дахины уламжлалт эмнэлэг” гэх хаяг хадсан ч дотроо гоо сайхны мэс ажилбар явуулдаг гэх. Тодруулбал, хүзүү, нүүрнээс авахуулаад бүх биеэр алтан утас гүйлгэх гоо сайхны мэс засал хийдэг бөгөөд зөвхөн нүүрэн хэсэгтээ алтан утас гүйлгэхэд 8500 ам.доллар аж. Ингэхдээ гоо сайхны мэс ажилбарыг нарийн мэргэжлийн солонгос эмч нар гардаж явуулдаг гэх ч ямар ч зөвшөөрөл байдаггүй талаар хэлж байв. Биднийг “Алтан зүү” эмнэлгийн үүдэн дэх хаяг дээр байх 9696... дугаарт холбогдоход “Одоогоор манай эмнэлэг ажиллахгүй байгаа. Гоо сайхны мэс засал хийдэг эмч нар нь саяхан нутаг буцсан. Хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ойрын хоёр сардаа эмнэлэг үйл ажиллагаагаа явуулахгүй” гээд утсаа салгасан юм.
“Гоо сайхны мэс ажилбарт хяналт тавих боломжгүй”
Хохирогч эмэгтэй гоо сайхны золиос болсон талаараа хууль хяналтын бүхий л байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ тухайгаа ч өөрийн цахим хуудсаараа дамжуулж илэрхийлсэн. Тэрбээр “Би ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй сууна. Гоо сайхны мэс ажилбар хийсэн эмнэлэгтээ хандсан ч хүлээж аваагүй. Яах учраа олохгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад “Монгол Улсад стандартаар батлагдаагүй, сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл” гэдэг хариу авсан. Хамгийн аймаар нь, арьсан доороос буцааж авч болохгүй, тэр ч бүү хэл хорт хавдар үүсэх магадлалтай гэж хэлсэн” гэж бичжээ. Иймээс бид үүнийг тодруулах үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг зорьсон. Харин тус газраас бидэнд “Манай улсад гоо сайхны стандарт гэж байдаггүй. Тиймээс хяналт тавих ямар ч боломжгүй. “Алтан зүү” эмнэлгийн хувьд олон удаа зөрчил гаргаж байсан. Бид тухай бүрт нь шалгадаг ч үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байдаг. Харин хохирогч эмэгтэй манайд хандсан нь үнэн. Гэхдээ энэ хэрэг дээр ажиллаж байсан байцаагч нь тэтгэвэртээ гарчихсан. Түүний ажлыг хүлээж авсан байцаагч хөдөө томилолтоор явж байгаа. Ирэх долоо хоногоос ирэх байх. Тэр үед нь тодорхой мэдээлэл өгнө” гэх тайлбарыг өгсөн юм.
Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад ханджээ
Эх сурвалжийн ярьж буйгаар хохирогч эмэгтэй харьяа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Ингэхдээ сэтгэл санаа болон гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон төлбөр дээр алтан утас суулгуулсан 8500 ам.доллараа гаргуулж авахыг хүссэн байна. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Надад санаа тавьж байгаад баярлалаа. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Эрүүл мэнд, эд материалын хохирлоо гаргуулж авах болно” гэжээ. Үнэндээ бусдад таалагдах гэж гоо сайхны мэс засал хийлгэж, үр дүнд нь эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон эмэгтэйчүүд ганц үүгээр зогсохгүй. Түүнчлэн өндөр үнээр ямар ч зөвшөөрөлгүй гоо сайхны хагалгаа хийдэг газрууд ч олон бий. Зөвхөн бариа засал төдийгүй зүрх судас, дотор эрхтэн, үе мөч, гоо сайхан гээд нэрлээд байвал дуусахгүй. Эцэст нь буух эзэнгүй, буцах хаяггүй болж эрүүл мэндээрээ хохироод үлддэг нь нэгэнт ил болжээ. Хамгийн гол нь хагалгааны дараа ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд хэн ч хариуцлага хүлээхгүй. Нөгөөтэйгүүр манайхан ч бас зарын дагуу очиж ямар ч найдваргүй, эмчлэх эрхгүй хүмүүст өөрсдийгөө даатгаж байна.Энэ мэтчилэн гаднаа өөр хаяг өлгөчихөөд дотроо өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэл- гүүдийн үүдийг барих цаг хэдийнэ болжээ

Б.ТӨРБАТ