03.17

Авлигатай тэмцэх газар вэбсайтаа шинэчилж АТГ.мон хаягтай боллоо

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын вэбсайт шинэчлэгдэж АТГ.мон  гэх домайн хаягтай болжээ. Энэхүү вэбсайтаар дамжуулан иргэд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигатай тэмцэх тухай хууль журам, албан тушаалтнуудын хөрөнгө орлого гээд олон төрлийн мэдээлэлтэй танилцаж болох юм. Түүнчлэн шилэн данс, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон иргэдийн санал гомдлыг ч хүлээн авах аж.

Түүгээр ч зогсохгүй АТГ-аас мөрдөн шалгаж буй хэргүүд, тэдгээрийн хэрхэн шийдвэрлэгдсэн тухай мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. Мөн АТГ.мон вэбсайтаар дамжуулан иргэд авлигатай холбоотой болон, ашиг сонирхлын зөрчлийн талаарх хүссэн асуултдаа хариулт авах боломжийг ч олгож байгаа аж. Дашрамд дурдахад,  Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа юм.

С.НАРАН