Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг сайдаар ажиллаж байх үед буюу 2012 оноос эхлэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин энэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд удаа ч үгүй хэл ам дагуулж, хэрэгжүүлсэн гэх хүмүүсийг улсаас мөнгө идэж уусан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар шүүх хэргийг дэнслэн, Л.Гансүхэд ял оноосон байгаа билээ.
Тэгвэл асуудалд орж хэрэгжихээ байсан “Нүүрс” хөтөлбөрийг иргэд хэрэгжүүлэхийг төрөөс хүсч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийжээ. Тухайн үед гэр хорооллын иргэдэд 40 кг-аар савласан шар шуудайтай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдаж байсан нь амьжиргааны түвшин доогуур айл өрхөд ихээхэн тус дэмжлэг болж байсан гэдгийг иргэд онцлов. Тиймээс эдийн засгийн хямралтай энэ цаг үед портер машинаар нь нүүрс авах чадамжгүй айлуудад дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа уламжилсан юм.