09.26

Бусдыгаа бодъё

Байрныхаа гадаа машинаа тавих бол та эхлээд сайн хараарай. Орцны үүд хаагаад машинаа байрлуулах гэж байгаа юм биш биз. Хүүхдээ салхилуулахаар тэрэг түрээд гарч буй ээжүүд, хөл муутай хөгшдийн замыг хаасан эсэхээ шалгахад гэмгүй. Муугаар бодоход, хүний бие муудаад түргэн тусламж дуудахад яаралтай үйлчилгээ үзүүлэхэд саад болохоор газарт машинаа битгий тавиарай гэж сануулж байна. Ихэнх байр зогсоол муутайгаас аргаа барсан жолооч нар иргэдийг гэртээ орж чадахгүй болтол замыг нь хааж тавьсан харагддаг учраас үүнийг сануулж байгаа юм. Өнөөгийн нийгэмд паартай байшинд амьдарч, хананаасаа халуун ус тосч сууна гэдэг хүн бүрийн хүрээд байх“өндөрлөг” биш ээ. Урьдчилгаа мөнгө цуглуулах, зээл хөөцөлдөх гээд байр авах бас л хүнд даваа. Энэ их үнэ цэнээр олдсон боломжийг бид хайрлан хамгаалах ёстой. Олон шат дамжлага, шалгуур давж байж олдсон байранд амьдрах хүсэл, тэмүүллийн цаана бусдыг хүндлэх, бусдад садаа болохгүй байх гэсэн ойлголт давхар явааг л сануулах гэсэн юм. Олонтойгоо амьдрах гэдэг асар их хариуцлага, соёл шаардсан ажил гэж хэлж болно. Та хувийн эдлэндээ лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү таны дур байж болох ч нийтийн орон сууцанд бол өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, таны хар гэртээ хаан, бор гэртээ богд байх эрх чөлөө хажуу айлын хаалганы яг наахна дуусгавар болно гэдгийг санаарай.