09.28

Автоцогцолбор энэ долоо хоногт нээлтээ хийнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлжийг энэ долоо хоногт нээх тухай албаныхан мэдээлж байна. Хамгийн сүүлд тус цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай хотын удирдлагууд энэ сарын 15-ны өдөр танилцсан билээ. Энэ үеэр 6000 гаруй автомашины зогсоолын ажил бүрэн дууссан гэдгийг мэдээлсэн. 

Мөн 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.5 км хатуу хучилттай замын ажлыг дуусгасан байв. Ингээд үндсэндээ ажил жигдэрсэн учраас энэ сарын сүүлч гэхэд нээхээр бэлдэж байгаа гэж мэдээлсэн юм. 

Тус цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэнэ. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн аж. 

Нийслэлийн замын түгжрэлийг бодитойгоор сааруулж, иргэдэд автомашинтай холбоотой цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ гэх утгаараа уг цогцолборын хүлээлт их бий хэмээн албаныхан тайлбарласан. Дашрамд дурьдахад, цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад л гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ.