Хөвсгөл аймагт тарваган тахлын улмаас 44 настай эрэгтэй Б нь амиа алдсан хэрэг энэ сарын 25-нд гарчээ.
Тодруулбал, тэрбээр энэ сарын 20-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газарт байхдаа тарваганы түүхий элэг залгиж, 24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн боловч 25-нд нас барсан байна. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрч, давтан шинжилгээний хариугаар тарваган тахал өвчнөөр нас барсан болох нь тогтоогджээ.