УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Чуулган пүрэв гарагийн 9 цагт нээлтээ хийх ба нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг “А” танхимд, Монгол ардын намын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдахаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталжээ.
Мөн өдрөө Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдаж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.
Тэгвэл сонгуулийн өмнөх жил, өнөөгийн парламентын сүүлийн намрын чуулган гэдгээрээ онцлогтой учраас улс төрд гал авалцах өдрүүд ирж явна гэж болно. Тодруубал, УИХ-ын намрын чуулганаар 2016 оны улсын нэгдсэн төсөв, 2016 оны мөнгөний бодлого хэлэлцэгдэнэ. Монгол Улсын ирэх жилийн хувь заяаг тодорхойлох энэхүү төслүүдийг УИХ судалгаанд тулгуурлаж, бодитой батлахгүй бол улсаараа хоосон хонож болзошгүй. Учир нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унаснаас хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэхээс татгалзаж хүлээлтэд шилжсэн. Энэ хүлээлт ирэх жил ч үргэлжилж болзошгүй байгаа. Ийм үед УИХ урьд жилүүдийнхээ алдааг давтах ёсгүй. Ядаж л зэсийн үнэ, долларын ханшийг бодитой тусгах ёстой.
Тэгвэл нийтээрээ бүсээ чангалах бодлогыг төр өндөр дээд албан тушаалтнуудаасаа эхлүүлж, яам, тамгын газар, цаашлаад аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг хамруулахгүй бол татвар төлөгчдийн хөрөнгөөр яаж тоглодгийг “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилт энэ хугацаанд харуулсан. Түүнчлэн УИХ шатахууны Онцгой албан татварыг эргэж харахгүй бол тэгш бус байдал бий боллоо. Бизнес эрхлэгчид дотор валютын зээлтэй аж ахуйн нэгж цөөнгүй. Гэтэл нефть импортлогчид ОАТ-ыг төлөхдөө долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцож төлнө гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үгүйд “хэрэлдсээр” ээлжит бус чуулганыг завсарлуулсан нөхөд өдгөө намрын чуулганаар нэг шийдэлд хүрэх биз. Үнэндээ авлигачдыг өршөөх тухай л талцаж байгаагаас биш ардын хүүхдийг өршөөх тухай яригдахгүй байгаа нь үнэн.
Өнөөгийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээд дөрөв дэх намартаа золгож байгаа энэ үед бодлогын том асуудлаа зоригтой шүүрч аваад ард түмэнд өгөөжтэй тусахаар л батлаад өгөх хэрэгтэй биз. Харин үүний оронд сонгуулийн шоу эхлүүлж, нам намаараа талцаж, ямар нэг асуудлаар барьцаалцгаагаад эхэлбэл 2016 онд сонгогчдоосоо мун дүн л авах болов уу.
Г.НАРАН