09.29

Төрсөн дүүгээ орон гэргүй болгоод зугтжээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ж.Төрсайханы гэр бүл хэвлэлд хандлаа. Тэд өөрийн эгч С.Цэцэгмаа, түүний нөхөр А.Бат-Эрдэнэ нарт залилуулж, гэр орноо банкны барьцаанд алдахад хүрээд байгаа гэнэ.

Ж.Төрсайхан эхнэрийнхээ төрсөн эгчээс 2013 оны гуравдугаар сард дөрвөн сая төгрөгөөр газар худалдаж аваад, 30 гаруй сая төгрөгийн өртөгөөр 8х12 метрийн хэмжээтэй байшин барьжээ. Гэтэл түүний хадам эгч  С.Цэцэгмаа тэдний газар, байшинг барьцаалан банкнаас 44 сая төгрөгийн зээл аваад нөхрийн хамт Турк улс руу явчихсан байна.

Харамсалтай нь, С.Цэцэгмаа, А.Бат-Эрдэнэ нарыг өөрсдийнх нь газар, байшинг барьцаалан банкнаас зээл авсан, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хөлс хүчээ шавхан байж барьсан байшинг нь өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлээд, хорооны Засаг даргын тодорхойлолтыг тэдний өмнөөс аваад явж байсныг Ж.Төрсайханы гэр бүл мэдээгүй аж. Хүйтний ам наашилж буй энэ цагт банкны ажилчид ирж барьцаанд байгаа орон гэрийг нь хураах дээрээ тулж, 0-13 насны дөрвөн хүүхдээ дагуулаад гудамжинд гарах аюул нүүрлэсэн үед л эгчдээ залилуулсан гэдгээ мэджээ. Тэгээд Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагад хандсан гэнэ.

Тус байгууллагын тусламжтайгаар цагдаагийн байгууллагад хандахад залилангийн хэрэг мөн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн хариу өгчээ. Харин одоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Улсын бүртгэлийн газрыг татуулаад байгаа. цаашид Иргэний хэргийн шүүхэд хандах болно гэж Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт ярьсан.