09.30

Мафийнханд буудуулсан эмэгтэйг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн зургаадугаар сард монгол эмэгтэй Малайзид дөрвөн удаа буудуулж, гэмтсэн хэрэг олны анхаарлыг татаж байгаад намжсан билээ. Малайзийн Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт монгол эмэгтэй халдлагад өртөж, буутай хоёр этгээд мотоциклиосоо 4WD дамжуулалттай жийп машин руу зогсолтгүй гал нээхдээ Малайзийн бизнесмэнийг буудах гэсэн боловч монгол эмэгтэй суманд өртсөн. Тэрбээр тухайн үедээ яаралтай эмнэлгийн тусламж авч эмнэлэгт хүргэгдсэн байдаг. 

Түүнийг мафийн золиос болж, буудуулсан эмэгтэй хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар ГХЯ-ны Консулын газраас тодруулахад “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Эмэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэж, биеийн байдал нь сайжирсан. Ар гэрийнхэн нь Монголоос очиж уулзсан байдаг. Уг хэрэгт холбогдуулан түүнийг шалгах шаардлагатай гэж үзсэн учраас Малайзид байцаалт өгөөд явж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна” гэв.