09.30

Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй бас бууруулахгүй

Сүүлийн үед төрийн албан хаагчдын цалинг 25 хувиар бууруулна гэх мэдээлэл гарах болсон. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын гурван сарын цалинг тодорхой хувиар бууруулах саналтай байгаагаа хэлсэн. Түүнчлэн яаж төсвөө хэмнэх вэ гэж байгаа энэ үед цалин, тэтгэврийг нэмэх яриа байж болохгүй. Тиймээс холбогдогч талуудтай зөв тохиролцоонд хүр гэсэн даалгаврыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгоод байсан билээ. 

Тэгвэл Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоодын удирдлагууд өнөөдөр цалин нэмэх эсэх асуудлаар зөвшилцөлд хүрсэн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Эдийн засаг хямралтай байгаа энэ үед цалин нэмэх боломжгүй учраас цалин нэмэхгүй гэдэг саналд талууд нэгдэж, уриалга гаргасан. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, дүүргийн Засаг дарга нар төрийн оролцоотой байгууллагуудын захирлуудад хэмнэлтийн горимдоо шилжих зайлшгүй шаардлагатай байна. Монгол гэж айлыг цаашид авч явахын тулд байгаагаа ухаалаг зарах ёстой. Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн албан тушаалтнуудын цалинг 25-30 хувь бууруулах шийдвэрийг гаргасан. Харин ирэх 2016 оноос эхлэн цалинг тодорхой хувиар нэмэх бодлого барина" гэж мэдэгдлээ.

Харин цалин нэмэх хэрэгтэй гэж мэдэгдээд байсан Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цалин нэмэх асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан гэж ойлгож болно. Үйлдвэрчний эвлэлийн холбоо бол аль болох цалинг нэмэх бодлого барьж байгаа ч гарцаагүй нөхцөл байдал үүссэн тул энэхүү шийдвэрт хүрэхээс өөр аргагүй байлаа. Одоо нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдаж нэмэлт хэлэлцээрийг байгуулах ёстой. Нэмэлт хэлэлцээрийн хүрээнд хэдийнээс хэдий хугацаанд цалинг нэмэх вэ гэдэг асуудал тодорхой болно.  2015 оны цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум дээр, дахин ирэх 2016 онд цалинг нэмэх төсвийг батлуулах болно. Тэрнээс биш энэ оны цалингийн нэмэгдлийг тэр чигээр нь дараа оныхруу шилжүүлнэ гэж ойлгож болохгүй" гэсэн юм.

Ямар ч байсан 2015 онд төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 25-30 хувиар бууруулж, төрийн албан хаагчдын цалинг энэ 2015 ондоо нэмэхгүй гэдэг нь тодорхой боллоо.