Улсын их хурлаар өнгөрсөн зургадугаар сарын 19 -ны өдөр баталсан “Нийслэл хотын албан татвар”-ын хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн мягмар гарагт нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж, хуулийг ямар хүрээнд, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох журмыг баталсан.
Товчхондоо илүү хэрэгцээний хоёр бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнээс авах татварын хэмжээг нэг хувь байхаар баталж, өнөөдрөөс эхлээд авч эхлэхээр эцсийн шийдвэр гарсан. Тэгвэл өчигдөр НИТХ дахь Монгол ардын намын бүлэг /МАН/ "Нийслэл хотын албан татвар"-ыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “Эрх баригчид олонхиороо түрээд, нийслэлийн иргэдийн албан татварыг нэг хувь байхаар баталлаа.
Үүнтэй холбоотойгоор нийгэмд тодорхой хэмжээний буруу ойлголт үүсээд байна. Тийм манай намын бүлгийн зүгээс зөв ойлголт өгөхөөр хэвлэлийн хурал зарласан юм. 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-аар “Нийслэл хотын албан татвар”-ын хуулийг баталж, гаргасан. Энэ хуулинд хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнд нийслэлийн албан татварыг ногдуулна гэж тусгасан. Хоёр төрлийн бараа гэдэгт бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи багтаж байгаа юм.
Харин дөрвөн төрлийн үйлчилгээнд зочид буудал, зоогийн газар, амралтын газар, ресторан баар багтаж багтсан. Тэгэхээр архи, тамхи худалдаж авсан болон дээр дурьдсан дөрвөн газраар үйлчлүүлсэн иргэн нэг хувийн татвар төлөхөөр боллоо. Манай нам энэ асуудалд байр сууриа илэрхийлж, тэг хувийн татвартай байх саналыг тавьсан. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвартай холбож энэ асуудлыг гаргаж тавьсан. Харамсалтай нь бидний саналыг хүлээж авсангүй. Нийслэл иргэдээсээ татвар авснаар жилдээ 13-14 тэрбум төгрөгийн татвар авна.
Тэгвэл эрх баригчид энэ татварыг гаднаас ирж байгаа жуулчид ихэнхийг нь өгнө гэдэг ойлголтыг нийгэмд өгч байгаа. Энэ бол худлаа гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлая. Нэгдүгээрт, Монгол Улсад зуны гурван сард 400-500 мянган жуулчин ирдэг. Тэд зөвхөн нийслэл хотод буудалд амьдраад, ресторанаар үйлчлүүлээд суудаггүй.
Тэгэхээр жуулчдаас авах татварын хэмжээ нь 13 тэрбумын нэг хувьтай л тэнцэнэ. Тийм болохоор энэ татварын мөнгийг бүрдүүлэгч нь Монгол Улсын иргэд байна” хэмээн хэлсэн юм. Ямар ч байсан өнөөдрөөс эхлээд иргэд дэлгүүрээс архи, шар айраг, тамхи авахдаа нэг хувийн татварыг төлөх нь. Мөн ресторанд орж хоол идсэн хүн нэг хувийн татвар төлөх нь. Мөн зочид буудалд орох, амралтад явахдаа нэг хувийн татвар өгөхөөр болох нь. Энэ татварыг авахын тулд нийслэлийн хэмжээнд байгаа 1000 гаруй аж ахуйн нэгжид 1.5 сая төгрөгийн үнэтэй кассын машин авахыг шаардаж байгаа гэдгийг тэд хэлж байсан юм.
Гэхдээ 1.5 сая төгрөгийн үнэтэй кассын машиныг авч чадахгүй жижиг аж ахуйн нэгж олон байгаа, тэд лизенгээр өгөх болов уу гэдгийг хотын даргаас асуугаад өгөөрэй гэж хэлсэн талаар ч ярьж байсан юм. Түүнээс гадна 25-50 насны иргэд жилдээ 250-300 төгрөгийн татвар төлөхөөр тооцоо гарсан гэдгийг ч тэд дуулгалаа.
Н.Болд