Манай улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэндүү “жижигхэн” байна. Харин хэдэн өдрийн өмнөөс “од” болоод байгаа “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг гэдэг эмэгтэй “том” юм аа. Татварын асуудлаас болоод өрөнд орж, дансаа хаалгасан компанийнхаа асуудлыг ганцхан өдрийн дотор гүйцэтгэх засаглалын тэргүүнээр шийдүүлж чадсан. “Бяртай байна” гэхээс өөр юу хэлэх билээ. Нэг нь дансыг нь нээх үүрэг өгч, нөгөө нь үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулахаар болж байгаа нь сайшаалтай ч юм уу. Гэхдээ үүний цаана буруу жишиг тогтох гээд байна, Ерөнхий сайд аа.
Хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр өөрийнх нь үйлдвэрлэл дампуурахдаа тулж байгааг зарлан, ажлаа хийж татварын торгууль ногдуулсан байцаагч эмэгтэйг хүртэл нэр усаар нь орон даяар зарлаад зогсохгүй “Тэнгэр ниргээсэй” хэмээн чадлаараа “хашгирсан” нэг эмэгтэй л таныг, тэр бүү хэл, татварынхныг тэр чигээр нь хөдөлгөчихлөө гэж үү? Яасан хямдхан Ерөнхий сайд, яасан тогтворгүй салбар вэ? Яг нүдэн дээр болоод өрнөсөн энэ үйл явдлыг эрүүлээр харъя гэвч үүний цаана эрүүл бус жишиг тогтчих вий гэх болгоомжлол төрөөд байна.
Хэл, амтай нэг нь ажиллаж байгаа салбараа гоочилж, ард иргэдийн сэтгэлзүйг уран гоё үгээрээ угаасныхаа төлөө бүхэл бүтэн Засгийн газрын тэргүүний ивээлд багтчих юм гэж үү? Улс орон удирдаж байгаа хүний хувьд Монгол төрийн номер гурав дахь эрхэмд зангарга гэж юм байх учиртай. Заавал өөрийн биеэр залраад зогсохгүй татварынхныг тэр чигээр нь суулгаж байгаад л “Энэ компанийн дансыг нээ” гэж сүржин даржин үүрэгдэх шаардлага байсан ч юм уу? Ерөнхий сайдын ингэж хэлсэн нь “Тэртэй тэргүй татварын орчин тааруу байгаа учраас эрхэм татвар төлөгчид та бүхэн хуулиа зөрчиж болно” гэсэнтэй агаар нэг сонсогдоод байгаа юм биш үү?
Эдийн засаг хүнд байгаа, улсын төсвийн орлого 580 тэрбумаар тасраад байгаа энэ үед “Эксклюзив” шиг татварын дарамтад ороод, хаалгаа барьж байгаа компани хэдэн арав, магадгүй зуугаараа бий. Эсвэл тэднийг ч бас олон нийтийн тархийг угааж, татварын байцаагчдыг чадлаараа үзэн яд гэж уриалаад байгаа юм уу? Ойлгомжгүй байна. Нэг хүн бүү хэл, хэдэн мянган хоригдол Өршөөлийн хуулийг хараад нүд, сэтгэл нь цөхөрч байгаа энэ үед ганцхан Байнгын хороо хуралдах гэж гурван ч өдөр цаг товлоод гишүүд нь ирсэнгүй.
Парламент ийм хүнд сурталтай болсон атлаа ганц эмэгтэйн асуудлыг яасан хурдан шийдчихэв ээ? “Татвараа төлөөгүй” гэх шалтгаанаар нэг компанийн дансыг хаасан асуудал чухал юм бол “Хувцас үнэгүй тараана” гэж ядарсан иргэдээр тоглосноос болоод амралтынхаа өдрөөр гэр бүлээрээ ирээд дэлгүүрийн үүд сахиад суучихсан зуу зуун иргэндээ ч бас анхаарал хандуулах учиртай байлаа. Засгийн газрын тэргүүн хүн үндэсний үйлдвэрлэгчээ ингэж ялгаварлан гадуурхаж болдог хэрэг үү? Одоо энэ үйл явдлын араас “Манай компанийн дансыг нээлгээд өгөөч” гэж аль нэг үндэсний үйлдвэрлэгч танд хандвал яах вэ?
Г.Майцэцэгийг хэвлэлээр ярихаас өмнө татварын орчин тааруу, тэр бүү хэл, үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт болдог, энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг татвар төлөгчид хэлж, ярьсаар л ирсэн. Засгийн газар хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хэн бүхний яриад байгаа тогтолцооны гажигийг засах бүрэн бололцоотой байсан. Тэр үед энэ бүхнээ зохицуулаагүй, тэр бүү хэл, энэ талаар ам нээгээ ч үгүй өдий хүрсэн атлаа нэг эмэгтэй “Энэ салбар болохгүй байна” гэхээр гэнэт ухаан орсон юм шиг татварынхныг цуглуулж, нөхцөл байдалтай танилцаад зогсохгүй татварын хуульд нэн яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг үүрэгдсэн тань анхаарал татаад байна.
Бүр татварын хуулийг өөрчлөхөд ердөө долоохон хоногийн хугацаа олгож байх жишээтэй. Таны өөрийн тань юу юугүй үзэглэх гэж байсан Таван толгойн гэрээг нэмэлтээр өөрчилнө гэж гарсан ажлын хэсэг бүтэн хоёр сар гаруйн хугацаанд ажиллаад ч энэ ажлыг нугалж чадаагүй шүү дээ. Тийм байтал татварын орчныг тэр чигт нь өөрчилж, Монголын татвар төлөгч 7500 аж ахуйн нэгжийн эрх ашгийг хангасан хуулийн өөрчлөлтийг ердөө долоо хоногийн дотор хийж амжих уу гэж асууя.
Татварын дарамтад орж, дансаа хаалгасан компанийн олон ажилчин хоолтойгоо үлдэж байгаад талархаж байна. Харин нэг л асуудлаас үүдэлтэйгээр татварын салбарынхныг цуглуулж, хэдхэн хоногийн дотор хуульдаа өөрчлөлт оруулахыг үүрэгдсэн явдал тань таныг хэтэрхий жижигхэн харагдуулж байна шүү, Ерөнхий сайд аа