Узбекистаны нийслэл Ташкент хотноо өчигдөр жүдо бөхийн гран при тэмцээн эхэлсэн билээ. Манайхаас эхний өдөр М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Д.Алтансүх, Ө.Ганболд нар Ташкентын татамид гарч барилдсан. Тэгвэл эхний өдөр 48 кг-д барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг алтан медаль хүртэж, амжилтын гарааг сайхан эхэллээ. Харин түүний араас 66-д хүч үзсэн Д.Алтансүх хүрэл медаль авч, Монголын багийн медалийн тоог нэмсэн юм.
М.Уранцэцэг гавьяатын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын Шишиг буулгаж авсан байна. Улмаар Оросын Кристина Румянтсеваг хожиж, шөвгийн дөрөвт үлдсэн. Харин хагас шигшээд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй тулж, ялснаар финалд үлдсэн. Тэгвэл аваргын төлөө Солонгосын бөх Жон Бо Контой барилдаж, даралтад оруулж базари үнэлгээ авснаар алтан медаль хүртсэн юм.
Тэгвэл 66 кг-д хүч үзсэн Д.Алтансүх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт эзэн орны бөх Асадулло Бозоровыг ялсан бол гуравдугаар тойрогт Унгарын Бенсе Замбориг буулгаж авсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Словены бөх Адриан Гомбакыг ялсан ч зооны аваргын төлөө Японы бөх Абе Хифумиг барсангүй.
Ингэснээр хүрлийн төлөө Гүржийн бөх Ваза Маржелашвелитэй барилдаж, ялснаар медалийн тавцанд зогсч чадлаа. Эхний өдөр Японы хоёр алт авч, медалийн чанараар тэргүүлж байна. Харин араас нь Солонгос 1 алт, нэг мөнгөн медальтай жагсч байгаа бол манайх нэг алт, нэг хүрэлтэй гуравдугаарт бичигдэж байна.
Н.Пунцагболд